Монгол улс Хятадын ганцхан компанид 88 тэрбум төгрөгийн өртэй.

 

Энэ бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Төрийн банкнаас нэгхэн өдрийн дотор 20 тэрбумыг гаргуулсан “Шинжиан Шинфа” компани. Тус компани дангаараар 2008 оноос хойш Монгол улсад 800 орчим км зам барьжээ.

Энэ бол Монгол улсад баригдаж байгаа томоохон замын ажлын ихэнхийг Хятадын компаниуд гүйцэтгэж буйн хамгийн тод жишээ юм. Сүүлд Дархан-Улаанбаатар чиглэлийн 60 сая ам долларын зам барих тендэрт Хятадын 5 компани шалгарсан.
Гэвч тэдний барьсан зам асуудал дагуулсаар. Увсын Тэс сумын Нарийны голын гүүрийг Хятадын “HKB” интернэйшнл холдинг компани барьж ашиглалтанд оруулсан ч 3 жил бололгүй нурж унасан. Ингээд 5,3 тэрбум төгрөг салхинд хийссэн ч байгальд буруу өгөөд дууссан.
Монгол улсын төсөв, гадны зээл , концессын гэрээгээр жил бүр багагүй мөнгийг зам барих ажилд зориулж буй. Тухайлбал: 2021 оны төсөвт гэхэд Зам тээврийн сайдын багцад 207 тэрбум төгрөгийг зам барих төсөвт суулгажээ. Дээрээс нь концессын гэрээнүүдийг нэмбэл маш том тоо гарна. Уг нь энэ мөнгө Монгол компаниудад очиж,монгол хүнээ ажлын байраар хангавал улс орны эдийн засагт ч хэрэгтэй.

Монголд замын ажил гүйцэтгэдэг 300 орчим компани бий. Гэтэл яагаад зам барих тендэрүүдийг дандаа Хятад компаниуд авдаг вэ? Үүний цаана ердөө л АВЛИГАЛ. Улаанбаатар –Дархан чиглэлийн замын тендэрт шалгарсан Хятадын компаниас албан өрөөндөө авлигалын мөнгө авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнийн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдсэнгүй. Түүний ард нуугдсан улс төрчдийн бүлэглэл түүнийг хамгаалж буй. Хятадын замын компаниудаар Монголын улс төрчид сонгуулийн мөнгөө босгодог нь хүртэл нууц биш болсон.

Гэвч “Монголчуудын барьсан зам чанаргүй учраас” гэж тайлбарлана. Гэвч яг үнэндээ чанарын хувьд ялгаагүй.

Ковидоос үүдэлтэй цар тахал биднийг эдийн засгийн хувьд аль болох бие даасан байхыг шаардаж байна. Ядаж замын салбарт урсаж байгаа энэ мөнгийг Монгол компаниуддаа өгч, Монгол хүнээ ажил орлоготой байлгахсан.

Сэтгүүлч Б.Отгон