Танилц: Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй “луу” унжигчид

Монгол Улсын Хөгжлийн банкийг эх орны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулаад 10 жил болж байна. Энэ хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр цөөнгүй бий. Мөн зээл авчихаад зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдол ч нэг бус. Тус банканд төрөөс шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлж, зарим зээлдэгчийн нэрийг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулж байсан билээ. Тэрбээр “Эдийн засгийн хямрал биш, эрх дархтнуудын хямрал болжээ. Улсын төсвийн орлого таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна” хэмээж байв.

Өдгөө Ц.Баатарбилэг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон ч шүүгдэгч нар үл ялих шалтгаар хойшлуулсаар буй юм. НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгт холбогдох хэргээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярынхыг тусгаарласан байна.

Тэгвэл үүнээс өмнө АТГ-ынхан зарим албан тушаалтанд хэрэг нээн шалгаж, шүүхэд шилжүүлсэн нь ч бий. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хаасан хэрэг ч байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлж улсад хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоолд засвар хийж, Халзанбүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг шинээр барих замын жагсаалтад оруулснаар дээрх хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-т мөрдөн шалгаж байгаа. Дээрх чиглэлийн замыг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Мон роуд” компани барихаар шалгарсан бөгөөд энэ хэрэгт түүнийг ч холбогдуулаад буй билээ. Уг нь тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сэргээж, шалгаж байгаа юм. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр уг хэрэгт шаардлагатай нэмэлт ажиллагаа хийж хараахан дуусаагүй гэнэ.

Түүнчлэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нарт холбогдох, эрх мэдлээ урвуулж, 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр оффис, гарааш авч, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаагаад буй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тун удахгүй шүүх хурлыг товлох сурагтай.
Хөгжлийн банк хэмээх том модноос салаалсан маш олон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нарийвчлан шалгасаар нэлээд хугацаа өнгөрч буй билээ. Санхүүгийн баримтуудыг шалгаж, шинжилдэг учраас аливаа банкны үйл ажиллагаа, зээл, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг нарийн судлах шаардлагатай болдгийг эх сурвалжууд учирласан. Тус банкнаас зээл авчихаад түүнийгээ төлөөгүй, өөр зүйлд уг мөнгөө зарцуулсан гэх хэргүүд ямар шатанд байна вэ гэдгийг уншигчдадаа хүргэе.

“Монлаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй байхад нь гурван сая ам.доллартой тэнцэх буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ урвуулж, Хөгжлийн банкны тухай хууль, ТУЗ-ийн тогтоол, тус банкны Зээлийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн хэмээн буруутгасан.

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ АТЛАА 55 САЯ ТӨГРӨГӨӨР ГАР БИЧМЭЛ АВСАН НЬ ХАЧИРХАЛТАЙ

Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс эрх мэдлээ урвуулан танил тал, найз нөхдөдөө үйлчилж, гадаадад гаргасан бонд болон татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийснийг АТГ-ынхан баримтжуулан шалгасны нэг нь өндөг, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг болон дээрх банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох үйлдэл. Өдгөө Ц.Баатарбилэг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон ч шүүгдэгч нар үл ялих шалтгаар хойшлуулсаар буй юм. НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгт холбогдох хэргээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярынхыг тусгаарласан байна. Өдгөө шүүхэд тус банкны Зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр, Ц.Баатарбилэгийн бизнесийн хамтрагч Х.Баттулга, Усны бодлогын газрын эрх бүхий албан тушаалтан, хэрэгт холбогдогчоос хахууль авсан Ц.Баярсайхан нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор шилжүүлээд буй аж. Гэвч шүүгдэгч Х.Баттулга өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй гэх зэрэг шалтгаанаар удаа дараа хойшлуулаад байна. НВЦ ХХК нь Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлдөө 2017 оны есдүгээр сарын 15-нд 23.2 сая ам.долларын зээл Хөгжлийн банкнаас авсан бөгөөд хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ хөрөнгийг барьцаа болгосон аж. Гэвч зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, зарцуулалтаа нотолж чадаагүй, банканд хуурамч материал гаргаж өгсөн болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Шалгалтын явцад зээл төлөх хугацаа нь ч нэлээд олон сараар хоцорсон байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мөнгөө зориулалтынх нь дагуу ашиглаагүй, урьд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт өгч, заримыг нь шамшигдуулсан нь тогтоогдсон гэх мэдээлэл ч бий. Түүнтэй бизнесийн хамтрагч, шүүх хурлыг хойшлуулах шалтгааны эзэн болсон Х.Баттулгын хувьд Ц.Баатарбилэгийн хамаарал бүхий, Хөгжлийн банканд хөрөнгийг нь барьцаалсан “Хааны харгуй” компанийн хувьцаа эзэмшигч гэнэ. Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Хуурай-1 нэртэй алтны орд газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайг нь хариуцан ажиллаж байхдаа хөрөнгө завшсан, 330 сая төгрөг Ц.Баатарбилэгээс залилсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулж буй нэгэн юм.

Харин Ц.Баатарбилэгээс авлагатай хэмээн Ц.Цэцэнзориг гэдэг иргэн шүүхэд хандан 296 сая гаруй төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэлэлцээд 293 сая төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч Ц.Баатарбилэг Улсын дээд шүүхэд хандсанаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагаад байна. НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй холбоотой өр, авлагын иймэрхүү маргаан бий агаад татвар төлөгч иргэдийн болон олон улсад гаргасан бондоос босгосон Хөгжлийн банкны хөрөнгөөс зээлсэн мөнгөө өнөөг хүртэл төлөөгүй байгааг хэд хэдэн эх сурвалж батлав.
Эрүүгийн хэрэгт шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор НВЦ ХХК-ийн авсан зээлийг царцаасан, эсэхийг дээрх банкныхнаас тодруулахад “Зээлийн эргэн төлөлтийг царцаах гэсэн ойлголт байхгүй. Хууль хяналт, шүүхийн аль ч шатанд хэрэг нь хянагдаж байгаа зээлдэгч төлбөрөө төлөх нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг. Банкны хувьд зээлийн төлбөр төлөгдөж банк, төр хохиролгүй болох нь хамгийн чухал. Таны асуусан зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, авсан мөнгөө зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг нь шүүх шийдвэрлээгүй атал НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Хүүхдийн төлөө фонд”-од хандив цуглуулах арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын худам монгол бичгээр бичсэн гар бичмэлийг 55 сая төгрөгөөр худалдан авсныг цэнхэр дэлгэцээ тэр үдэш үзэн суусан олон хүн харсан нь лавтай. Учир мэдэх зарим хүн уг явдлыг нэлээд гайхан шогширч суусан.

“МОНГОЛ ДРАЙ МИЛК”, “МОНЛАА”, “ЭРЭЛ”, “МОНПОЛИМЕТ” КОМПАНИ АВСАН ЗЭЭЛЭЭ ХУВААРИЙН ДАГУУ ТӨЛӨӨГҮЙ ГЭВ

Хөгжлийн банкнаас буюу төрөөс мөнгө зээлчихээд буцаан төлөхгүй, эрүүгийн хэрэгт шалгуулж буй компанийн удирдлага нэг бус. Тус банкнаас зээл авчихаад төлөөгүй аж ахуйн нэгжийг зарлахад “Монгол драй милк”, “Монлаа”, “Эрэл” компанийн нэр хамгийн тэргүүнд шахам бичигддэг. Тухайлбал, “Монгол драй милк” компанийн авсан зээлтэй холбогдуулж шалгахаар “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн байгаа газрыг тогтоолгохын тулд АТГ-аас Интерполд хандсан удаатай. Улмаар эх орондоо ирэхэд нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг хатгаж, шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авсан хэрэгт түүнийг яллагдагчаар татсан юм. “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан, Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичсэн “Монгол драй милк” компанидаа Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяртай хамтарч, чанаргүй, шаардлага хангахгүй үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьсан хэмээн буруутгаж буй билээ.

Мөн “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын хамаарал бүхий оффисын барилгыг барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан “Монлаа” ХХК-ийнхны хэрэг гэж бий. Тодруулбал, “Монлаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй байхад нь гурван сая ам.доллартой тэнцэх буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ урвуулж, Хөгжлийн банкны тухай хууль, ТУЗ-ийн тогтоол, тус банкны Зээлийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн хэмээн буруутгасан. Уг нь “Монлаа” компани үндсэн зээлээ 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд төлөх үүрэгтэй боловч одоо хүртэл төлөөгүй, зээлийн хүүгийн төлбөр нь олон тэрбум төгрөг болж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсаар байгаа юм. Тэдний зээлийн эргэн төлөлт хэрхэж буй талаар АТГ болон холбогдох бусад байгууллагын албаны хүмүүсээс лавлахад “Шалгагдаж байгаа хэргүүдийн хувьд хууль зөрчсөн, буруутай этгээдийг тогтоох, нуун дарагдуулсан, зувчуулсан эд хөрөнгийг илрүүлж, хариуцлага хүлээлгэх ёстой. Таны асуусан зээлдэгч нар зээлээ төлөхгүй байгаа” хэмээж байна.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн, стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалт бусаар зарцуулсан, авлига, албан тушаалын шинж чанартай гэж үзэж болох зээлүүд, зээлдэгч нарыг АТГ-аас гадна бусад хууль хяналтын байгууллагад шалгаж буй аж. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд хууль хяналтын байгууллагуудад Хөгжлийн банкныхан хандаж, чанаргүй 13 зээлийн олголт, ашиглалт, зарцуулалттай холбоотой асуудлыг шалгуулж эхэлсэн гэнэ.


Хөгжлийн банкнаас 99.5 тэрбум төгрөгийн зээл авч, Байшин үйлдвэрлэх комбинатын төслөө санхүүжүүлсэн “Эрэл” групп тус банкны эсрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тодорхой хэмжээний мөнгө нэхэмжилсэн ч удаатай. Шүүх уг гомдлыг нь хянаад хэрэгсэхгүй болгосон байна. Тэгвэл өдгөө Хөгжлийн банкнаас тус компанийн эсрэг зарга мэдүүлж, “Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл”-ийн зээлтэй холбоотойгоор 154.4 тэрбум төгрөг нэхэмжилснийг шүүх иргэний хэрэг нээгээд буй гэнэ. Ташрамд дурдахад, “Эрэл” компани нэг ч төгрөг төлөөгүйг эх сурвалжууд батлав.

Эдгээрээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны тавдугаар сард Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг танилцуулж “Кью Эс Си” 161.5 тэрбум, “Хөтөл” ХХК 161.4 тэрбум, “Мак цемент” ХХК 166.5 тэрбум, “Бэрэн групп” ХХК 102.4 тэрбум, “Монполимет” 126.6 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй гэж мэдээлж байв. Тэгвэл дээрх компаниудаас “Мак цемент” ХХК л зээлээ төлж, бусад нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй аж. Тиймээс Хөгжлийн банкныхан хууль, шүүхийн байгууллагад хандаж, дээрх аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэхээр болжээ. Цаашид тус банкныхан төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг буцаан төлүүлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагатай илүү нягт хамтарч ажиллахаа ч илэрхийлээд байна.