Идэрмэг хунгийн дуулал


Намар нуураа орхил үгүй үлдсэн нэгэн хун шувуу буй
Найрагхан тэр бээр даль жигүүрээн гэмтээсэндээ бус
Наснаас насад гэгээн их хайрыг бусдад түгээхүйн агаараа аж
Намуухан орших түүний нуур нь хөлдөж ташдаггүй гүн сэтгэлийн нуур ажээ
Өвлийн охин тэнгэрийн зардас бараан шувуудтай тэр нөхөрлөмүй
Өвч бие сэтгэл усан болор мэт тунгалаг буйн учраа тодорхой гэрэлтмүй
Өрөвлөг бие хар боловч цагаан санаат тэдгээр шувууд хун түүнийг хамгаалмуй
Өнгөт орчлонгийн үзэгдэлд бус дотоод байгалийн агаарт түүний мөн чанар буй
Хавар болохуйд бусад жигүүртэн мэт сэтгэл догдлон үл хөөрмүй
Хасбуу зүрхний их тамга дарагдсан бол түүнийг давах хэн бээр ч үгүй
Хас мэт мөлгөр мөс хайтан цэцэг ер орчис бүрд тэр бээр тэгш хандмуй
Хайрлах бас гуниглахуйд харин түүний нуурын мандал хааяа долигсомуй
Зун цаг ирж зуурдын жаргал тохиовч идэрмэг хун үл ташаармуй
Зуун зуунаар түүчээлэн оршсон залуу болсон буяны садан буюу
Зуслан газар нь эртэн эдүүгээгийн гайхамшигт домог туульс ажгуу
Зуны охин тэнгэрийн дууллыг дөрвөн улирал дор ганганан гунганаж дуулмуй
Өвлийн адаг сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр Манзуширийг баясгагч буяны садан Зава Дамдины алдрыг баригч бээр Хан уулын хадат хошуунаа дуулал өгүүлснээ үсэг дор талбив.
Зава Дамдин ринбүчи
28.01.2021