Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, Л.Отгонбаатар тэсвэр хатуужлын гайхамшигийг харуулав

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн нар олон хүнд барилдаан хийснээр хүрэл медалийн төлөө хамтдаа гарч ирэв.
Өнөөдөр Монгол болон Узбекстаны бөхчүүдийн хооронд ширүүхэн тулаан өрнөлөө.

Өчигдөр аварга болсон Ц.Цогтбаатар 2 ч узбек бөхийг ялсан билээ. Б.Гончигсүрэн 1, Л.Отгонбаатар 2 ч удаа Узбекстаны бөхчүүдтэй хүнд хэцүү барилдааныг дэвжээн дээр нь үзэгч олных нь өмнө хийлээ. Мөн Э.Гандиймаа узбек бүсгүйтэй хүч үзэн торгуулиар ялагдсан.
Б.Гончигсүрэн узбек бөх С.Пулатовыг тойргийн барилдаанд ялсан ч дараа нь Узбек шүүгчийн хачирхалтай шүүлтээр хэсгийн аваргын барилдаанд ялагдав. Харин Л.Отгонбаатар хэсгийн аваргын барилдаанд бас нэгэн узбек бөх А.Худобердиевтэй барилдахдаа эвгүй гэмтэл аван ялагдсан. Дагах барилдаанд мөн л узбек бөх У.Туробоевтай таарч ялалт байгуулсанаар хүрэл медалийн төлөө шалгаран үлдээд байна.

Хүрэл медалийн төлөө манай 2 бөх дахин узбек бөхчүүдтэй учраа таарлаа. Л.Отгонбаатар М.Туробоевтай, Б.Гончигсүрэн А.Худобердиевтэй барилдсан. Хөл бэртэлтэй Л.Отгонбаатар ялагдсан ч залуу бөх Б.Гончигсүрэн ахынхаа хариуг чангахан авч ордон доторх үзэгчдийг нам дуугүй болголоо.

Өчигдөр манай бөхчүүд 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнөөдөр хүнд жингийн бөхчүүдээс 1 хүрэл медаль хүртлээ.