Урлагынхан минь Жавхлан шиг л байцгаая

Хатуу хөл хориог гуравдугаар сарын нэгнээс цуцалсанаас хойш Ковид-19 халдварын тохиолдол өдөр бүр ихсэх боллоо.

Өмнө нь гарч тохиолдлууд өдөр бүр ихэссээр гурван оронтой тоонд шилжих нь цаг хугацааны асуудал болоод байна. Гуравдугаар сард олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баяр зэрэг арга хэмжээнүүд байдаг ойрхон байдаг учраас эдгээр баярыг угтсан тоглолтууд ч ар араасаа болох зар цуварсаар.

Өнөөдөр буюу энэ сарын 8-ныг дуустал урлаг, соёлын 11 тоглолт болох нь. Гэвч өчигдөр УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүсээс 54 тохиолдол бүртгэгдэж ард иргэдийг айдас хүйдэст автуулав. Уг жүжиг нээлтээ хийсэнээс хойш нийтдээ 900 гаруй хүн үзсэн ажээ. Тиймээс урлаг соёлынхон маань өөрсдийн ухамсараар товлосон тоглолтуудаа сайн дураараа цуцлах нь “Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага” болоод байна.

Анх “Энхсаран” сувилалаас гарсан иргэн дуучин Д-гийн тоглолт үзэж, олон сар Ковидын халдварыг дотооддоо алдаагүй байсан амжилтыг үгүй хийж орхисон. Мөн “Эмоци” продакшны тоглолтоос нилээн хэдэн хүн халдвар авсан. Үүнийг бид мартах учиргүй. Тоглолт хийх зөвшөөрлийг нь УОК зөвшөөрөөд тоглолт хийсэн нь тэдний буруу биш ч гэлээ нийтийн эрх ашиг, нийгмийн ухамсар гэдэг яг одоо бидний хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм. МУГЖ С.Жавхлан гэхэд л өчигдөр хийх байсан тоглолтоо гэнэт цуцлаж, фэнүүдээ гонсойлгосон. Гэхдээ түүний зөв байсаныг УДЭТ-ийн жүжиг харуулаад өгөв.

Хэд л бол хэдэн үзэгч цуглуулж, хэдэн өдөр ч дуулж тоглолт хийж чадах С.Жавхлан өөрийнхөө биеэр үлгэрлэж чадаж байгаа юм чинь бусад нь ч гэсэн үүнийг хийж чадалгүй яахав.

Урлаг соёлын арга хэмжээнүүдийг ч тодорхой хугацаанд хойшлуулж, цаг сайхан болохоор зохион байгуулж болно. Бүүр бүтэн жил нэг өдөр алгасахгүй ч хийж болно. Тийм учраас Урлаг соёлынхон минь нийтийн эрх ашгийн төлөө өөрсдийн ухамсараар хийж гэж бэлдэж байгаа, хийхээр төлөвлөж байгаа бүх л тоглолт, шоу цэнгээнүүдээ түр хойш нь тавьцгаая.

Чингисийн Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Үнэдстэнээ гэсэн ухамсар та бүхэнд бий гэдэгт итгэж байна.