О.Эрдэнэхишиг: Үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна

2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр zarig.mn сайтад “Эмэгтэйн амь насаа алдсан тухай мэдээг ар гэрийнхэн нь дөрөв хоногийн дараа мэдэж, охин нь үнс нурам болсон эхийнхээ цогцсыг хоёр хоног энгэртээ тэврэн явжээ” гэх гарчигтай 37 минутын шууд дамжуулалт бичлэг олон нийтэд түгсэн.

Энэ мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс болсон хэрэг явдлын талаар тодрууллаа.

– Та болсон хэрэг явдлын талаар товч мэдээлэл өгнө үү?

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалант 1-р баг Арлаг гэх газарт Налайх дүүргийн харьяат 40 орчим насны Б гэх эмэгтэй хүн самарт явж байгаад урцандаа шатсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага 3 дугаар сарын 31-ны өдрийн 03:18 цагт авч, хэргийн газар руу очиж шалгасан. Хэрэг учрал болсон гэх газар Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойд зүгт 180 км орчим ууланд, бартаа ихтэй, шавар намагтай замтай байсан байна. Уг хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Тухайн бичлэгт нэр бүхий цагдаа нар хохирогчийн хажууд инээлдэн мөн сэльфидээд байх шиг байсан, ченж гэх хүмүүс цагдаа нарт 3 шуудай самар өгсөн зэрэг цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээллийг дурдаж байсан. Энэ талаар?

– Уг мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс тухайн хэргийн газар ажилласан цагдаагийн алба хаагчдад албаны дотоод шалгалтыг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бодит нөхцөл байдлын талаар эргэн тайлбар мэдээлэл өгье.

Мөн сүүлийн үед зарим мэдээллийн цахим сайтуудаар цагдаа нарын “хүн торгох”,“хэрэг илрүүлэх” норм нь хүний эрхийг зөрчиж байна гэх мэдээлэл гарч байна. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ, үнэхээр ийм зүйл байдаг юм уу?

– Цагдаагийн байгууллагаас алба хаагчдад хүн торгох, хэрэг илрүүлэх тоо зааж өгч, үүнээс болж алба хаагч нар хууль зөрчдөг гэдэг нь үндэслэлгүй. Харин алба хаагч бүр гэмт хэрэг, зөрчлийг гаргуулахгүй байх, гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэхийн төлөө ажилладаг. Иймд үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна.