Л.Ганболд: Хөвсгөл нуурын эрэг дагуу зөвшөөрөлгүй хайрга олборлож байсныг зогсоосон

Хэдхэн хоногийн өмнөөс Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмын Алаг царын дунд даваа гэдэг газарт том оврын техникүүдээр газар ухаж эхэлсэн талаар иргэд сошиал орчинд давалгаалах болсон.


Уг асуудалтай холбоотойгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой холбогдож дараах тодруулгыг авав.

-Тас.мн сайтаас ярьж байна. Танай аймагт орших Хөвсгөл нуурын зүүн эрэгт олборлолт хийхээр том оврын техник хэрэгслүүд очжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тэр хавьд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн аялал жуулчлалын бааз ямар нэг зөвшөөрөлгүй авто зам тавихаар хайрга олборлож байсныг Төрийн байгууллагын зүгээс зогсоох шийдвэр өгч зогсоогоод байна.

-Ямар компани, жуулчны бааз хууль бус үйл ажиллагаа явуулсан юм бол?

-Байгаль орчны аялал жуулчны яамнаас авсан аялал жуулчлалын зөвшөөрлийг бүрэн үндэслэж, хууль бус ажиллагаа явуулсан компаниудыг зарлана. Аймгийн мэргэжлийн хяналт, Тусгай хамгаалалтын газар, Байгаль орчны газрууд хамтран дээрх асуудлыг цэгцлэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.

-Иргэдийн зүгээс авто зам тавих, хайрга олборлолт нэрээр ашигт малтмал ухах вий гэсэн болгоомжлол бий болоод байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ямар нэгэн уул уурхай, ашигт малтмал олборлолтын асуудал гараагүй гэдгийг дахин хэлэе.