Өөртөө итгэлтэй байх тухай залуучуудад зориулсан цөөн хэдэн үг


“Өөртөө итгэлтэй байна” хэмээх нь зүгээр л “би чадна” хэмээх “би-г баримтлах” өчүүхэн атгаг сэтгэлийг хэлдэггүй бөгөөд өөртөө итгэлтэй байдал нь авьяас болон эрдэм чадлын дадал хэр их байгаагаас болдог.
Зарим залуус би чадна, би өөртөө итгэлтэй байна хэмээн цээжээ дэлдээд аливаа сорилтод ороод эхний шатнаасаа ялагдаж байгаа харагддаг агаад цаашлаад энэхүү хийрхэл мэт үзлээсээ болоод амьдралд алдах хүртэл гэм алдааг үг үйлдлээрээ хийж байгаа нь түгээмэл болсон.
Буддын номд “урд наснаас дамжих авъяас” болон “энэ насанд суралцсан авъяас” хэмээн хоёр зүйл айлддаг. “Авъяас” хэмээх нь аливаа дадал зуршил болсон бие, хэл, сэтгэлийн ур чадварыг хэлдэг. Үүнд муу, сайн, дундын гэх мэт авъяасууд бүгд багтана. Жишээлбэл “муу авъяас”-д амьтаны амь таслах, эс өгснийг авах тэргүүтэн багтана. “Сайн авъяас”-д өглөг өгөх, ёс цаазыг баримтлах тэргүүтэн. “Дундын авъяас” нь унтаж хэвтэх, идэж уух сэлт нь бүгд л дадал болсон нийтлэг авъяас юм.
Урд насны авъяас бол энэ насанд хүн болж төрөөд, мэдээ орохоосоо хэлж ярих, бичиж зурах, тоо бодох, хөгжим тоглох тэргүүтэнд гоц авъяастай нугуудыг хэлдэг.
Харин урд насны сайн авъяас тааруухан зарим бодгальд энэ насанд маш их суралцаж боловсрох хэрэг гардаг бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөрөөр авъяасыг олж авдаг.
Мэдээж “хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” хэмээхийн үлгэрээр тухай тухайн бодгалийн авъяас бүр адилгүй.
Бас зарим авъяас сэтгэлийн далд оршин байдаг агаад нэг үгээр унтаа байдаг. Далд авъяасууд шалтгаан нөхцөлөөс үүдэж сэрдэг ба түүнийгээ таньж, улам хурцалж чадвал тэрхүү салбартаа маш гоц зүйлүүдийг бүтээдэг. Шалтгаан нөхцөл бүрдэхгүй бол авъяас нь унтаа байдалд байсаар нэг нас өнгөрөх ч бий. Үлгэрлэвэл өөрийн гэрт эгээрлийг хангагч чандмань эрдэнэ байсан ч хэрэглэж мэдэх үгүй зүгээр нэг энгийн чулуу хэмээн бодсоор хэргийг нь гаргаж чадахгүй байх ба эргэн тойронд ч тэрхүү үнэт эрдэнийг таньж чадах бодгалиуд байх үгүй оршдогтой адил.
Ер хүн хийгээд аливаа бодгальд байдаг авъяас хэмээх нь өөр өөрийн төрөл дамжах үестээ олж авсан бие, хэл, сэтгэлийн хөдөлмөр, боловсролын үр дүн бөгөөд үүнийг тухайн бодгалиас ангид тусдаа бүтээгч эзэн болоод авъяасыг бэлэглэдэг бурхан тэнгэр байхгүй хэмээн үздэгээрээ Буддын гүн ухаан бусдаас ялгардаг юм.
Удам дамжсан авъяасын тухайд ч бас айлддаг агаад “үйлийн үрийн нийцтэй бодгалиуд нэгэн орон буюу нэгэн гэрт оршдог” хэмээн айлдсаны утга нь үйлийн үрийн боловсролын дадал бол авъяас агаад тэрхүү авъяасын эрхээр адил үйлийн барилдлагатай нугууд лугаа үр хүүхэд болж төрдөг ба тэдний удам угсаа, цус махбод ч бусад лугаа адилгүй байх тэргүүтэй олон шалтгаан буй.
Тиймд сайн эрдэм чадлын авъяас муухан бол түүнийгээ таньж мэдээд улам улам мэргэшин авъяасаа хурцлах хэрэгтэй.
Чингэхийн тулд анхан дор суралцах, дунд дор дадал болгох, эцэст нь өөрийн авъяас болтол хөгжүүлснээр тухайн эрдэм чадал санаанд гүйцэд багтах ба хичээх үгүй ч тухайн эрдэм аяндаа ундран гарч ирэх тэр үед л чухам “өөртөө итгэх итгэл” хэмжээ төгс төрж байна хэмээсэн үг юм.
Зава Дамдин ринбүчи
18.05.2021