Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай  “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021” аяныг Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг хамтран олон хэлбэрээр үргэлжлүүлж байна. Тухайлбал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын чанартай А1001 авто зам дагуу болон тээврийн хөдөлгөөн ихтэй бүсэд анхааруулга санамж бүхий самбар байршуулав.

“Ирээдүйгээ хамгаалъя” аян 10 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Корона вирусын халдвараас хамгаалах, тархалт бууруулах үүднээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг хувийн тээврийн хэрэгслээрээ ажилдаа зорчихыг зөвшөөрсөн. Тиймээс аяны таниулга сурталчилгааг хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй ажилтан, уурхайчдад биечлэн хийж, мэдээллээр хангаж байна, гэж Гэрээт цагдаагийн хэлтсийн Ахлах байцаагч, хошууч Т.Хатанбаатар ярилаа. Түүнчлэн амралт зугаалгад явах, чөлөөт цагаар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг шалгах, орчин тойрноо сайтар хянаж байхыг зөвлөв. Жолооч бүхэн зөвхөн өөрийгөө биш амьдралаа тээвэрлэн яваа гэдгээ үргэлж санаж явахыг “Ирээдүйгээ хамгаалъя” аянаар дамжуулан анхааруулж буй аж.