Цахилгааны цехийнхэн “Үүр – 4, 8”-аас эхтэй, Медипас эмнэлгийн 6 кВ-ийн хаалттай хуваарилах байгууламжаас тэжээгдэх “Уурхайчин-1” хорооллын цахилгаан хангамжийн хэмжилт, угсралт, тохируулгын ажлыг амжилттай хийв. Тодруулбал, Медипас эмнэлгийн 6 кВ-ийн хаалттай хуваарилах байгууламжийн “Үүр – 4 , 8” дээрх вакум таслууруудын цахилгаан холболтыг шалган тохиргоо, урсгал засвар хийсэн аж. Эдгээр үүрүүдийн реле хамгаалалтын тавил тооцоог гарган хамгаалалтуудыг тохируулан тавьж, найдвартай ажиллагааг шалган ажилд бэлтгэжээ.

Мөн үүрэн дэх 6кВ-ийн вакум таслуур, тусгаарлагчууд, холбогдох кабель шугам зэрэг цахилгаан тоног төхөөрөмжүүдэд болон “Уурхайчин-1” хорооллыг тэжээх 6/0,4 кВ-ийн ТМ-630 төрлийн 630 кВА-ийн чадалтай хоёр хүчний трансформатор бүхий дэд станцын бүх тоноглолд стандартын дагуу хэмжилт, туршилт, оношилгоо хийн протоколоор баталгаажуулж, угсралтын ажил гүйцэтгэж буй Одкон Холдинг ХХК-д хүлээлгэн өглөө. Түүнчлэн “Уурхайчин-1” хорооллын барилга байгууламж болох 380 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах бөгөөд гадаад цахилгаан хангамжийг тэжээх зорилгоор “АБЛУ-3х240” төрлийн 6кВ-ийн хүчний хос кабель шугамыг хоёр жилийн өмнө тавьжээ. Туршилтын явцад уг хос шугамын нэг кабелийн гэмтлийг илрүүлэн засаж ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.