Засвар механикийн заводын техник технологийн шинэчлэлийн хүрээнд Механик цехэд токарийн суурь машинууд  шинээр ирлээ. ОХУ-д үйлдвэрлэсэн, цагт 320 кг металл боловсруулах хүчин чадалтай 16P25H маркийн гурван машиныг саяхан  ашиглалтад оруулсан. Тэрчлэн, цагт 771 кг  металл  боловсруулах чадалтай   1P63H маркийн хоёр машиныг суурилуулахаар  угсарч  байна.  Хуучин суурь машинууд үйлдвэртэй цуг ашиглалтад орсон бөгөөд олон удаа их засвар хийсэн ч хүчин чадалдаа  хүрч ажиллаж чадахгүй, бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж,  цаашид ашиглах боломжгүйгээс ийнхүү шинэчилсэн байна. Токарийн суурь машинуудыг шинэчилснээр үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдэхүүний чанарт  томоохон ахиц гарна, гэж цехийн ахлах механикч С.Ууганбаяр ярьсан  юм. Тус цэхэд механик боловсруулалт хийх зориулалттай том жижиг 40 гаруй токарийн суурь машин ажиллаж байгаагаас тав нь ийнхүү шинэчлэгдээд байна.

Шинэ суурь машин дээр ажиллаж буй Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн токарьчин О.Тулгаатай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр: “Би ЗМЗ-дад зургаа дахь жилдээ токарьчнаар ажиллаж байна. Токарийн шинэ машин ашиглалтад ороод сар гаруй боллоо. Шинэ машин дээр ажиллахад урамтай сайхан байна. Бүтээгдэхүүний гадаргуун цэвэршилт, өнгөлгөө ихээхэн  сайжирсан. Хуучин машин маань гацдаг, эд анги нь байсхийгээд эвдэрдэг байсан. Шинэ машин суурилуулснаар бидний ажиллах орчин ч сайхан болж, ажлын бүтээмж дээшилж байна” гэв.