Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт 7800 кВт хүчин чадалтай хоёрдугаар насос суурилуулаад байна. Тус цехийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн уг насосны давтамж хувиргагч болон удирдлагын хэлхээний угсралтыг гадны мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэжээ.

Тэд удирдлагын хэлхээний контроллёрыг програмчлах, түүнчлэн хяналт удирдлагын дэлгэцийг программчлах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд туршилт, тохируулгын ажил амжилттай болсныг мэргэжилтэн ярьж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадаас мэргэжилтэн ирэх боломжгүйгээс тус хэсгийн инженерүүд хүч, оюунаа дайчлан цар хүрээ ихтэй олон ажил амжуулж байна. Тухайлбал, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологид нийцүүлэн тоног төхөөрөмжийн удирдлага хяналтыг өөрсдөө санаачлан хялбаршуулсан нь эдийн засгийн хувьд өгөөжтэй ажил болсон. Мөн Хаягдлын аж ахуйн булинга шахах дөрөвдүгээр насосны өндөр хүчдэлийн давтамж хувиргагчийг суурилуулж, угсарч тохируулснаар үндэсний мэргэжилтнүүд мэргэжил ур чадварын хувьд гадныхаас дутахгүй болсноо харууллаа.