БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн “Кто Улаанбаатар” төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Ким Кван Шиг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай өнөөдөр уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ноён Ким Кван Шиг “Цар тахал хумигдаж аялал жуулчлал дахин сэргэхэд Монголыг зорих аялагчдын ихэнх хувийг Солонгосчууд эзлэх дүр зураг харагдаж байна. Тиймээс Эрдэнэт хот, зэсийн хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог, өрсөлдөх чадвараараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Эрдэнэт үйлдвэрийн чиглэлд хөтөлбөр маршрут гаргах боломжтой” гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Кто Улаанбаатар” төлөөлөгчийн газартай хамтран эрүүл мэндийн хоёр удаагийн аялал зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдээ солилцон туршлага судлахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон. Цаашид төлөвлөснөө хэрэгжүүлэхээс гадна оношлогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Ковидын дараах сэргээн засах эмчилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.

Энэ үеэр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх”, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах” төслүүд хэрэгжиж байгааг танилцуулсан юм.