Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан Ё.Гэрэлчулуун зэрэг албан тушаалтанд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 14.00 цагт хэлэлцэхээр товлоод байв.

Гэвч А.Гантулгад 166.8 сая төгрөгийн үнэтэй орон сууцын хахууль өгсөн үйлдэлд холбогдсон, “Могул скай” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан “Ковид-19”-ийн халдвар авсан, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг мөн халдвараар өвчилсөн, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга асан Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хурал давхацсан хэмээн хойшлуулах хүсэлт гаргасныг үндэслэн арваннэгдүгээр сарын 3-нд хэлэлцэхээр болов.

 

Шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил гаруйн хугацаанд Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэж, гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж чадаагүй байтал эрүүгийн хариуцлагаас мултрах нь.

Учир нь энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тун удахгүй дуусах гэж буйг хэд хэдэн хуульч баталлаа.