XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр /2022.01.28/ төрийн дээд цол, одон медаль хүртээлээ. Энэ үеэр ардын дуучин Б.Алтанжаргалыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Соёлын Тэргүүний Ажилтан Болдбаатарын Алтанжаргал 1983 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төрөлх хотынхоо Хүмүүн цогцолбор сургуульд суралцан төгсжээ. Багадаа хурдан морь унадаг, их сайхан гийнгоолдог хүүхэд байв. Өвөө, ээж нь авьяасыг нь таньж дэмжсэнээр Б.Алтанжаргал хүү уртын дууны олон уралдаан тэмцээнд оролцох болсон аж.
Тэрээр 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд гадаад улсад морин циркийн жүжигчнээр ажиллахаас өгсүүлээд залуу хүний хувьд олон янзын хийж явсан ч 2012 оноос уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлэхээр шийдэж, “Дүүриймаа” хэмээх мартагдах шахсан ардын сайхан дууг сэргээн дуулсан нь Монгол түмний сэтгэлд их хүрсэн юм. Түүнээс хойш Б.Алтанжаргал “Идэр жинчин” (2017), “Төгөлдөр 6 Маа” (2018) зэрэг ардын болон уртын дууны хоёр ч бие даасан цомог гаргаж, дуунууддаа олон арван клип хийн олонд толилуулаад амжжээ.
Эдүгээ тэрээр Багануур Хувьцаат Компанид эксковаторчин хийхийн сацуу ардын дуундаа хайртай сонсогч түмнийхээ сонорыг шинэ тутам уран бүтээлүүдээрээ мялаасаар байна.