Дорнод аймгийн төв Чойбалсан хотын унд, хэрэглээний ус зэвтэй болоод нэлээд удсаныг нутгийн иргэд нийгмийн сүлжээнд мэдээлсээр ирсэн.

Уг асуудлыг олон хүн ярьж, шүүмжилж байгаа ч нутгийн удирдлагууд өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж.
Тэд “Өтгөн хар цай” шиг зэвтэй усаар ундаалж, бяцхан үрсээ усанд оруулж байна. Энэ их бохирдол хүний биед хэрхэн шингэж, хордуулдгийг төсөөлөхөд ч бэрх. Иргэд эхнээсээ харшилтай болж нийслэлд ирж эмчлүүлж байна.
Хамгийн сонирхолтой нь ийм уснаас дээж авч, шинжилсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хүртэл хэвийн гэх дүгнэлт гарч байгаа гэх.
Тус аймгийн төвд 80 мянган хүн амьдардаг бөгөөд тэд бүгд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байна.
Орон нутгийн захиргаа, төр, засгийнхан 21-р зуунд зэвтэй усаар иргэдээ ундаалж буйдаа өөрсдөөсөө ичиж хариуцлага хүлээх ёстой.
Нутгийн удирдлагуудын хэлж буйгаар,Чойбалсан хотын ус хангамжийн хуучирч, муудсан шугам, сүлжээг угаах ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлсэн байна. Ингэхдээ гүний худгуудын цуглуулах 12 км шугам, сүлжээ, 3000 тоннын багтаамжтай ус нөөцлөх I, II савыг угааж, цэвэрлэсэн байна. Мөн хотын ус дамжуулах төв шугамыг ч угааж буй аж.

 

Гэсэн ч байдал төдийлөн дээрдэхгүй байгааг иргэд хэлж байна.