Үндэсний их баяр наадмаар монголчууд хөл хөдөлгөөнтэй, өргөн дэлгэр сайхан баярлаж байна. Нэг үеэ бодвол Монголчууд баярлаж сурч байгаа нь наадмын өнгөнөөс харагдах. Зохион байгуулагчдын зүгээс бие засах газрыг үнэ төлбөргүй болгосон нь нүдээ олсон ажил болсныг иргэд хэлж байна.

Өмнөх жилүүдэд хог хаягдлын асуудал наадамчдад болон зохион байгуулагчдад төвөг уддаг байсан. Харин уг асуудал энэ жил бага байгааг тэд хэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн жилийн жилд хар зах шиг элдэв янзын худалдаа үйлчилгээнд дарагдаж, нь дараа нь хэдэн тонн хог ачсан тухай мэдээлэл хэвлэлд гардаг байлаа. Тэгвэл энэ жил наадамчин олон цэвэр цэмцгэр нааддаг болсон нь анзаарагдсан юм.

Түүнчлэн Хүй долоон худгийн мандалд амарч, наадамдаж буй иргэд ч бие биедээ шаардлага тавьж тарьсан хогоо түүж буй харагдлаа. Төв цэнгэлдэхэд олон арван хогийн сав байршуулж, нийтлэг үйлчилгээний ажилтнууд наадамчдын дундуур хогийн уут барин “Хогоо хийгээрэй” хэмээн ундаа, чихэр, зайрмагийн цаасыг зогсоо зайгүй түүж, наадамчин олноо сэтгэл дүүрэн баярлуулахын тулд өөрсдөө ч баярлах завгүй ажиллаж харагдсан.

Ямартай ч идсэн, уусан саваа хөл дороо хаяж, наадмын талбай хогийн цэг шиг болдог байсан үе хойно үлдэж, наадамчид өмссөн зүүсэн шигээ хандлагаа өөрчилж эхэлсэн нь энэ жилийн наадмын нэг онцлог байлаа. Далай багшийн айлдсанаар Монголчууд айргаа тааваараа уусан шигээ баярлаж байна. Наадамчин болгон наадмын зохион байгуулалт, цэвэр орчин, зөв хандлага, биеэ соёлтой авч яваа талаар ярих болсон нь ч гоё. Өөрийгөө болон гэр бүлээ хүндэтгэж ойр орчимдоо хог тарихгүй байх, хогоо хогийн саванд хийж цэмцгэр сайхан наадацгаая.