Нийслэлчүүд бид 2022-2023 оны өвөл 690 мян.тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ. Иймд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байгаа аж.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэхээр болжээ. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт 4 шугам ажиллуулан нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 56.710 тн түлш нөөцөлжээ.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болох аж.