Сүүлийн жилүүдэд орон сууцтай холбоотой гомдол тасрахаа байсан. Стандарт чанараас гадна тухайн байрыг барьсан компани нь өөрсдийн хөрөнгө мөнгөөрөө худалдан авсан оршин суугчдынхаа үл хөдлөх гэрчилгээ буюу байрны ордерийг өмнөөс нь банкны барьцаанд тавьж, дараагийн бизнесээ эхлүүлдэг ёс суртахуунгүй жишиг тогтоод удаж буй.

Уг сонин жишгийг эхлүүлсэн барилгын “акул”-уудын нэг “Жигүүр гранд” групп.

Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, 32 жилийн туршлагатай гэгдэж өөрсдийгөө дөвийлгөдөг Жигүүр гранд группынхэн барьж ашиглалтанд оруулсан “Park view” хотхоны 560 айл, оршин суугчдын байрны ордерыг одоо хүртэл гаргаж өгөхгүй байгаа ажээ.


Тодруулбал, 2015 онд тухайн байрыг худалдаж авсан иргэний зүгээс байрны ордерыг гаргаж өгөхгүй удаашралтай байна гэсэн хариу авсан байна. Тухайн байрыг “Жигүүр гранд”-ынхан эздэд нь мэдэгдэлгүй Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавин зээл авсан байжээ.
Банкнаас зээл авсан мөнгөөрөө Хан-Уул дүүргийн 3-р хороонд “Хос даль” нэртэй апертмент барьж байгаа гэх. Өмнөх асуудлаа шийдээгүй байж “Бид үнэ цэнийг бүтээж , Брэндийг бий болгодог. Өнөөдрийг хүртэлх түүхийг бүтээсэн та бидэнд итгэ бид бүгдийг бүтээнэ” хэмээн уриа лоозон тавьсан нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.


Хэрвээ ямар нэг байдлаар, “олон толгойтой” гэгддэг групп санхүүгийн хямрал, дампууралд өртлөө гэхэд мөнгөө төлсөн ч, ордероо гар дээрээ авч чадаагүй иргэд гудамжинд хөөгдөөд гарах уу гэх асуулттай тулгараад байна. Түүнчлэн, тухайн оршин суугч иргэд өөрт нь яаралтай асуудал гарч байраа зарж борлуулах ч хууль эрхзүйн акт үүсэхгүй гэсэн үг.

Үндэсний тодотголтой томоохон барилгын компани байж, ийм увайгүй, сэтгэлд сэв хийсэн үйлдэл гаргамааргүй байна.