Автомашиныг улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулахаар болсон талаар өнөөдөр бүх хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл уг ажил амжилттай хэрэгжиж, тэгш хөдөлгөөний үед автозамын түгжрэл буурвал цаашид энэ хэвээр үргэлжлүүлэн, тэгш сондгойгоор явуулж магадгүй гэх прогноз яригдаж эхэлсэн байна.

Хэрвээ энэхүү прогноз биелэлээ олвол, чинээлэг баячуудад үйлчилдэггүй зөвхөн иргэд “борчуудад” үйлчилдэг таагүй орчин нөхцөл үүснэ гэсэн үг юм.

Мөн иргэн та 7 хоногт 6 удаа хөдөлгөөнд оролцдог байсан бол гурваас дөрвөн удаа орно.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн боломжтой иргэн дахин нэгэн автомашин худалдан аваад, хуучин автомашиныхаа арын номерыг шинэтэйгээ зөрүүлж автозамын хөдөлгөөнд ээлжилж оролцох боломжийг бүрдүүлж өгнө. Иймэрхүү байдлаар иргэдээ амин зуулгаар ялгаварлаж, эдийн засгийн нөхцлөө хүндрүүлэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.
Ямартаа ч, Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний шийдвэрээр энэ сарын 27,28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулна.

“Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар сарын 27,28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна” хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн мэдэгдсэн юм.