Сүүлийн үед цахим хуудаснаа нялх балчир хүүхдийнхээ зургийг нийтэлж, аавыг нь эрэл сурал хайсан бүсгүйчүүд мэр сэр харагдах боллоо. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд чинь санаад байна, “ааваа бид таныг санаад байна” гэх зэрэг үг бичиж, хүүхдийнхээ зургийг олонд дэлгэж болж.


Нэг талаараа хүүхдийнхээ зургийг цахим хуудаснаас харсан эцэг гэртээ ирэх “замыг тодруулж” байгаа ч, нөгөө талдаа хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй хэлбэр юм.
Эцэг эх нь таарч тохирохгүйгээс болж салахад, хүүхдээр нь шантаажилж эр нөхрөө гэртээ авчрах гэсэн бүсгүйчүүдийн арга ядсан хэлбэр ч гэж харж болно. Гэхдээ хүүхэд эцгийг нь “уях” уяа биш гэдгийг бүсгүйчүүд маань ойлгоосой.
Өнөөдөр нийт гэрлэлтийн 20 гаруй хувь нь буюу таван гэрлэлт тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулж байна. Тэдгээр гэр бүлийг дунджаар 1-2 хүүхэдтэй гэж тооцоолбол жилд дунджаар 10,000 орчим хүүхэд эцэг эхийнхээ хамтын амьдралд өсөж торних боломжгүй нөхцөл үүсэж байна гэсэн үг.

Салалтын үед асран халамжлагч нь хүүхдийн сэтгэл зүй ямар нөхцөлд байгааг ойлгож, эцэг эхийн салалтыг тайлбарлах шаардлагатай байдаг байна. Хосууд ямар ч шалтгаанаар гэр бүлээ цуцлуулж болно. Гэхдээ энэхүү үйл явцад хүүхэд бие болон сэтгэл зүйгээрээ хохирох ёсгүй гэдгийг салж буй хосууд маш сайн ойлгох нь чухал юм. Бага байх үед нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог гэсэн судалгаа байдаг.
Хосууд салахад хүүхэд их, бага хэмжээгээр сэтгэл санааны дарамтад ордог бөгөөд энэ нь нүдэнд харагдахгүй байгаагаас үүдэн хүүхэд энэ нөхцөл байдлыг ойлгохгүй мэдрэхгүй өнгөрлөө гэж ихэнх асран халамжлагчид буруу ташаа ойлгодог. Хүүхэд бүх зүйлийг мэдэрч, ойлгодог бөгөөд бага насандаа авсан энэ мэдрэмж нь өсвөр насанд хүрэхэд хүүхдийн зан үйл дээр илүү хурц хэлбэрээр илэрдэг тал бий.