Зургийн тайлбар: Цагдаагийн Ерөнхий газрын Хар  тамхитай  тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад Орхон аймгийн цагдаа руу шилжсэн ахлах дэслэгч, яллагдагч  Ж.Эрдэнэ-Ундрах 

Цагдаагийн Ерөнхий газрын Хар  тамхитай  тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад Орхон аймгийн цагдаа руу шилжсэн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа талаар бид хоёр жилийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг яллах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.

Цагдаагийн алба хаагч Ж.Эрдэнэ-Ундрахад Эрүүгийн хуулийн 19.12.2 болон 21.13.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн

19.12 дугаар зүйл.Төрийн нууцыг задруулах

2.Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн онц чухал нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих

1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Зургийн тайлбар: Г.Сарангэрэл

Түүнтэй хамт Г.Сарангэрэл мөн шүүгдэх ажээ. Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн 19.12.2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн

19.12 дугаар зүйл.Төрийн нууцыг задруулах

2.Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн онц чухал нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр цагдаагийн алба хаагчаар ажиллаж байхдаа Ж.Эрдэнэ-Ундрах Г.Сарангэрэлээр дамжуулан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа