Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасаран Лодонович Линховоины нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын ХIV уралдаан 2023.11.25-26-нд ОХУ-ын Буриад улсын Агинск хотноо боллоо. Монгол, Буриад зэрэг улсын  60 гаруй мэргэжлийн дуурийн дуулаачид оролцсон энэ жилийн уралдаанд Цагдаагийн Сүлд чуулгын дуучин Э.Адъяасүрэн  III байрын шагнал хүртлээ.

“Анхны олон улсын уралдаандаа ийнхүү амжилт гаргасандаа маш их баярлаж байна. Цаашдаа миний ирээдүй улам сайхан гэрэлтэх байхаа. Энэ уралдаанд оролцож амжилт үзүүлсэн хүмүүсийн ирээдүй дардан байдаг тухай сонссон болохоор ихэд билэгшээж байнаа.” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан юм.

Э.Адъяасүрэнгээс гадна уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон Х.Мөнхтүвшин II байр, Т.Санжаа III байр тус тус эзэлсэн.

Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасаран Лодонович Линховоины нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын ХIV уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдийн баярт мөчийн зургуудаас хүргэж байна.