Гэрээс нь 7.3 гаруй төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000 төгрөг, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1 425 370 000 төгрөг нийт 7 328 960 683) бэлнээр байсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш /2023.02.07/  болох гэж байна.

 

Шүүх хурлаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

С.Батдөл нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалаар тус тус гэм буруутайд тооцсон.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн

18.6 дугаар зүйлийн 1, 2.2,  /18.6 дугаар зүйл.Мөнгө угаах/

22.4 дүгээр зүйлийн 2,  / 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах/

22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1 / 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх/ -д зааснаар гэм буруутайд тооцож ял оноосон.

Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жил хасаж, 12 жил хорих ял оноосон юм. Түүний ах С.Баттулгыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаасан гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, таван жил хорихоор болсон билээ. Хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10-14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан нийт 7.3 гаруй төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000 төгрөг, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1 425 370 000 төгрөг нийт 7 328 960 683)-г улсын орлого болгохоор болсон билээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Батдөлийн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн зэрэгцээ хахууль авсан хэрэгт оноосон ялаас тус бүр нэг жилийг нь хасаж,  12 жилийн хорих ялыг 10 жил болгож багасгасан юм.  Харин С.Баттулга тэргүүтэй бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгосон буюу ялыг нь хэвээр үлдээсэн юм.

Маргааш Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүхээс уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.