БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлчүүдийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

“Ногоон автобус”-ны гэх эл хэрэгт

  • Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
  • нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ,
  • нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн,
  • нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван,
  • Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар,
  • “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат,
  • БНСУ-ын дөрвөн иргэн зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан билээ.

Прокуророос тэдэнд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. Өдгөө эл 24 хүнийг яллах дүгнэлттэй нь танилцуулж гарын үсэг зуруулаад, гомдол гаргах, прокурорын шийдвэртэй танилцах эрхийг нь эдлүүлж буй юм.
Ташрамд дурдахад, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгийнхэн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад дээрх хэргийг шүүхэд шилжүүлэхээр болоод байна.
Өдгөө нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хууль зөрчин И.Болдцэцэг захиралтай “Сүлдэрхан минералс” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэнэбилэг 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 хуучин автобусны оныг өөрчилж, “залуужуулан” нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан хэргийг шалгасаар байгаа юм.