Яагаад муу улс төрч УИХ-д сонгогддог вэ?

Сонгогчдын боловсрол төвөөс гаргасан судалгаагаар залуусын сонгуульд оролцох идэвх сул байдаг гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Судалгаагаар 2016 оны сонгогчдын нас нэмэгдэх тусам саналаа өгч буй сонгогчдын хувь нэмэгдэж байжээ.


Өөрөөр хэлбэл, 18-25 насны сонгогчдын дөнгөж 50 хүрэхгүй хувь нь саналаа өгч байхад 60-аас дээш насныхны бараг 90 хувь нь саналаа өгсөн байна.

2016 оны сонгуульд оролцоогүй залуусын 20 хувь нь итгэл хүлээх нам, улстөрч байсангүй, 16 хувь нь сонгуульд саналаа өгөх үйл явц төвөгтэй, 15 орчим хувь нь улс төр сонирхдоггүй гэж хариулсан байна.

18-25 насны залуусаас улс төрийг маш их сонирхдог 6 хувь, сонирхдог 18,7 хувь нь байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс харахад 10 сонгогч тутмын 6 нь саналаа өгчээ.
Тухайлбал, 50-иас дээш насныхан 97 хувийн ирцтэй сонгуульд оролцсоноор магадгүй тэтгэврийн зээлийг тэглүүлж чадлаа гэж “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ынхан үзэж буй аж.

Яагаад муу улс төрч УИХ-д сонгогддог шалтгааныг “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяагаас тодрууллаа.

Тэрээр “Залуучуудын санал, оролцоогүйгээр парламент бүрдэх боломжийг олгож байгаа гэсэн үг юм.

Сонгуульд хэн саналаа өгч буй гэдгээс хамаараад тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөр гарч ирдэг.
Сонгуулийн ирц бага байвал үүний сөрөг нөлөөг сонгогчид л үүрдэг. Ирц өндөр байх тусам сонгуулийн үр дүнд бий болох институцийн төлөөлөх чадвар нэмэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнх зэрэг нийгмийн өөр өөр сонирхлын бүлгүүдийн төлөөлөл бүрдэх боломж нэмэгдэнэ. Ирц 50 хувьд хүрэхгүй бол сонгууль дахин зохион байгуулахгүй ч нэмэлт санал хураалт явуулна.
Гэвч тухайлбал, таны хүүхдэд очих байсан цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэлт санал асуулгын зардалд зарцуулагдана гэсэн үг шүү дээ. Хэрвээ та сонгуулийн өдөр саналаа өгөхгүй бол өөр нэг хүнд өөрийнхөө хувь заяаг шийдэх боломж олгож байна гэсэн үг. Итгэл даахгүй улс төрчид сонгогдчихлоо гэж та боддог бол магадгүй “Би саналаа өгсөн үү” гэж өөрөөсөө асуугаарай.

Саналаа өгөөгүй хүмүүсийн ачаар л муу улс төрчид сонгогддог гэдэг шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн бодлогоос би яаж үр шимийг нь хүртэв, одоогийн өгч буй амлалт хэрэгжих хөшүүрэг нь байна уу гэдгийг бодолцож саналаа өгөөрэй. Мөн санал өгнө гэдэг нь ирэх дөрвөн жилийн туршид үргэлжлэх сонголт юм гэдгийг санууштай” гэв.