УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль 07:00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм.


Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон хуваасан. УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл 121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуульд 121 хүн бие даан өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй. Нийт нэр дэвшигчдийн 341 нь орон нутагт, 265 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.
Монгол улсын хэмжээнд энэ өдөр санал авах 2070 байр ажиллаж байгаагаас нийслэлд 451 санал авах байр ажиллаж байна. Сонгуулийн санал авах байрны дотор, гаднахыг камераар хянаж байгаа. Сонгуулийн санал авах байранд хэсгийн хорооны ахлагч, ажилчид, иргэний бүртгэлийн ажилтан, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, цагдаа, эмч, онгцой байдлын алба хаагч, бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл болсон ажиглагчид ажиллаж байна.
Сонгогч та өөрийн харьяалах санал авах байрандаа иргэний үнэмлэхтэйгээ очоод бүртгэлийн ажилтанд бүртгүүлж, хурууны хээгээ дарж иргэний бүртгэлийн цахим сан дахь өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулсны дараа сонгуульд санал өгөх эрхээ эдлэх болно.