Хайрын виз гэж байдаг бол та даруулах байсан уу? энэ асуултыг хариултыг таньд үлдээе.

Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийг монголын ард түмэн “Хориотой жүжиг”, “Шөнө амталсан нулимс”, “Өв залгамжлагч” гэх мэт олон жүжиг, кино зохиолоороо мэднэ.

Түүний бас нэг сор бүтээлүүдийн нэг “Хайрын виз” жүжиг юм. Уг жүжгийг 17 жилийн дараа УДЭТ-ийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан М.Батболд шинэчлэн найруулж, шинэ найруулгатай, шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр дахин толиулж эхлэлээ.


Найруулагч М.Батболд бол МУАЖ Г.Мягмарнарангийн хүү юм. Уг жүжиг 2006 онд анх тайзнаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавигдаж байсан. Харин шинэчилсэн найруулга цаг үеэ даган шинэ өнгө төрх, шинэ чадварлаг уран бүтээлчдийг танилцуулж байна.
Гол дүрд буюу Жаргалын дүрд тоглосон жүжигчин Т.Сэргэлэн нүдний харц, биеийн хэлэмж гээд илэрхийлж болох бүхий л байдлаар дүрээ урлаж, Цэнгэлийн дүрд жүжигчин Ц.Жаргалсайхан эхэн хэсэгтээ үзэгчдийн хайрыг татаж сүүлдээ зэвүүг хүргэж дүрээ бүтээв. Энэ жүжигээс хайр сэтгэлийн үнэ цэнэ, таныг гэгэлзүүлэх дурсамжуудаас гадна, шинэ чадварлаг жүжигчдийн уран чадварыг мэдрэх болно.
Хайрыг хайж олдоггүй хамтдаа бүтээдэг. Өдөр бүр УДЭТ-ийн Хүүхэлдэйн театрт тоглогдох “Хайрын виз” жүжгийг зорьж хайртай хүнтэйгээ хамт үзэхийг уръя. Уг жүжгээс хайр сэтгэлд нийгэм, ялангуяа хүмүүсийн нөлөө хэр гүн тусдагийг улмаар хосууд бие биеэсээ хэрхэн алсарч, жинхэнэ хайр сэтгэлээсээ урваж болох тухай өгүүлнэ. Гэхдээ та өөрөө “хайрын виз” даруулж, үзэж байж л илүү мэдрэмж авна.
Хүнд дурлах, дурлачихаад яахаа мэдэхгүй байх, догдлох, гомдох, шаналахаас эхлээд гэрийнхэнтэйгээ танилцуулах гээд л бүхий л гоё, эмзэг мэдрэмжүүдийг авна гэдэгт итгэлтэй байна. Хайр гуниг, хамгийн гэнэн алдаа, бүрхэг шөнийн саран, бүлээн нулимстай харцны яг аль нь юм бол оо. Тайлалыг “Хайрын виз” драмын уянгын драмын жүжгээс үзээрэй.