Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн амжилтын түүх “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт өчигдөр /2023.07.25/ боллоо. Озеки цолноос бэртлийн улмаас жонидан зиндаа хүртэл унасан ч эргэн ирж түрүүлж чадсан гайхамшигт түүхийг Изуки Сакигийн энэхүү номыг Монгол хэлнээ орчуулсан хүн бол сэтгүүлч, орчуулагч Х.Эрдэнэцэцэг юм.
Мэргэжлийн Сүмо бөхийн Их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн сүмоч болсон замнал, унаж, боссон түүх, жинхэнэ сүмоч болохын төлөөх саад бартааг хэрхэн даван туулсан тухай, дотны хүмүүсийнх нь дурсамж яриа, өөрийнх нь чин сэтгэлийн үгс багтсан намтарчилсан ном бөгөөд номын нэгээхэн хэсгээс хүргэж байна.

…Чин үнэнээрээ байх тэр мөч гэдэг хүчтэй байхаас илүү өөртэйгээ ярих чин шударга үнэн байдаг. Японы нийгэмд ажиллаж үзээгүй миний хувьд нэг их мундаг хүн шиг ярихгүй ч өөрийнхөө туршлагаас хуваалцахад байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, одоогийн нөхцөл байдал аль хүртэл унаж доройтсон байгааг сайтар ухан эргэцүүлж бодох нь зөв юм. Түүнээсээ үүдээд хойшид яавал бэрхшээлээ даван туулах вэ гэдгээ бодно, түүний тулд ямар хичээл зүтгэл гаргавал дээр вэ гэдгээ бодно. Тиймээс гурван алхам чухал. Ялангуяа эрэгтэй хүн хүч чадалтай, эр зоригтой, эр хүн шиг эр хүн байх гэхдээ барагтай бол олон таван юм яриад байдаггүй. Гэвч өөрийн доторх хүнтэйгээ ярих үедээ: “Хөөе, чи одоо яагаад байгаа юм бэ?” гээд л, өөртэйгээ чин шударгаар ярих боломжтой болдог. Тэгээд юуны түрүүнд одоо байгаа бодит байдлаа бодож үзнэ. Тэгэхдээ: “Хэрэв тэгсэн бол…”, “Тэр үед тийм байсан мөртлөө…” гэх зэрэг илүү дутуу юм бодохгүйгээр, товчоор хэлэхэд өнгөрсөн бүгдийг ор мөргүй орхино. Тэгээд: “За, одоо хойшид яах вэ? Үүнээс хойш ирээдүйнхээ төлөө юу хийх вэ?” гэж бодох нь зөв. Чингэж бодохгүй бол цаашдаа урагшлан ахиж чадахгүй. Гэхдээ эхний алхмаа тавьсан бол дараа нь аандаа бага багаар урагшлах тул бүгдийг аажуу тайвуухан, буурь суурьтайгаар өөртэйгээ ярилцаж үзээсэй гэж би хүсэж байна…
Номын нээлтийг жүжигчин Ж.Алтаншагай хөтөлсөн бөгөөд уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.