Эх оронч хүн хүссэн газартаа хог хаядаггүй

Амралтаа аваад, аялж, зугаалах үе иржээ. Хүн бүр л төв газрын нэгэн хэмийн амьдралаас түр холдож, хөдөөг зорьж, уудам орныхоо агаараар зоргоороо амьсгалж, байгальд ойртох мөч иржээ.


Цар тахалтай холбоотойгоор гадаадын орноос жуулчид ирэхгүй тул дотоодын аялагчид эх орноо тойрон хэрэн “тэнэж”, хэсүүчилж буй. Гэвч дотоодын жуулчдад байгалийг бохирдуулалгүй, зөв аялах соёл байхгүй гэж хэлж болно. Идсэн, уусан, хэрэглэсэн бүхнийхээ уут, сав үлдэгдлийг, ахуйн хэрэгцээний хогоо байгальд үлдээгээд явдаг нь зуршил болсон.

Нийслэл орчмын аялал жуулчлалын бүсэд аялсан жуулчдаас өдөрт хоёр тонн хог гардаг гэж байгаа. Харин Хөвсгөл далайд аялсан аялагчдын хаясан хогийг өдөрт 10 машинаар ачихад цаана нь уул овоо шиг хог үлддэг гэдгийг хөвсгөлчүүд учирладаг.
Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг аж. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг хорлоно гэсэн үг.

Тиймээс хэрэглэсэн хогоо байгальд үлдээгээд явдаггүй соёлд суралцахаас гадна нэг удаагийн аяга, таваг хэрэглэхээс татгалзах зэргээр аль болох хог бага “үйлдвэрлэх” ухаанд суралцах шаардлагатай байна.

Ер нь бол эх оронч үзэл хог хаяхгүй байхаас эхэлдэг гэхэд болно.

Өдөр тутамдаа ахуйн хог хаягдлаа багасгаж, эх үүсвэр дээр нь бууруулж байж бид хог хаягдлыг багасгаж, байгальд хөнөөл учруулалгүйгээр аялж, зугаалж чадна.

Аялахдаа байгальд ширхэг ч хог үлдээлгүй, аялбал бүгдэд хэрэгтэй.