Image

      Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-тай хамтран зохион явууллаа.
     Үндэсний бөхийн барилдааны нээлтэнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Жаргалсайхан, Б.Отгонбат, С.Ганцогт болон ардын Их Хурлын депутатууд оролцлоо. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ардын Их Хурлын депутатуудад талархал илэрхийлэн, нийт бөхчүүдэд амжилт хүсэж бөхийн барилдааныг нээж үг хэлсэн юм.
         Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харъяат Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ. Орхон аймгийн Жаргалант сумын харъяат аймгийн начин Ш.Билгүүндалай, Булган аймгийн арслан Э.Сумъябат нар их шөвөгт шалгарлаа.