Image

             Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоо батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Шагналд тодорхойлох тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
           “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх хуралдаанд танилцууллаа. Тус дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж санал хэллээ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтарсан ажлын хэсэг “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хүрээнд цагаан тоосны дэгдэлтийг 80 хувиар бууруулсан талаар мэдээллээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Жаргалант сумын төмс, хүнсний ногоог компанийн хүнсний хэрэгцээндээ хэрэглэх талаар 2020 оны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа аж.
           Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Орон нутгийн хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоо батлах тухай асуудлыг хэлэлцээд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойргийг 23, Төлөөлөгчдийн болон мандатын тоог 35 байхаар хэлэлцэн баталлаа.
          Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийг сонгон шалгаруулах тухай асуудлыг хэлэлцээд сонгон шалгаруулах журмын дагуу материалаа ирүүлж, цагдаагийн албаны тухай хуулийн 62.4-т заасан шаардлагыг хангасан Ц.Дэмчигжав, Ц.Энхтөр, Х.Бат-Эрдэнэ нарыг аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн гишүүнээр 3 жилийн хугацаатай томилон ажиллуулахаар тогтлоо.