Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг өөрчиллөө

Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийн даргыг өөрчилсөн билээ.

Түүний дотор Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Болдыг томилсон. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчлөв. Тэргүүн дэд даргаар Экологийн цагдаагийн албаны дарга асан, хурандаа Ц.Ням-Очирыг, дэд даргаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан, хурандаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-ны дарга асан, хурандаа Ж.Амгалан нар ажиллахаар боллоо.
ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, алба, газар, хэлтсийн дарга, дэд дарга нарыг томиллоо. Тухайлбал, Экологийн цагдаагийн албаны даргаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар дэд даргаар нь ажиллаж байсан дэд хурандаа Т.Сүхболд, Мөрдөн байцаах албаны даргаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсуурь, НХЖХОНАБХА-ны даргаар хурандаа Н.Лхагвасайхан, Санхүү, аж ахуйн албаны даргаар ДХИС-ийн Удирдлагын академийн захирал, хурандаа П.Батбаатар, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргаар хурандаа Ж.Буянбат нарыг томилжээ.
ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар хурандаа П.Оростогоо, НЦУГ-ын даргаар хурандаа Ш.Цогбаатар, тус газрын дэд даргаар МБА-ны дарга асан, хурандаа Д.Отгонжаргал, Экологийн цагдаагийн албаны дэд даргаар Санхүү, аж ахуйн албаны дарга асан, хурандаа Х.Доржсүрэн, МБА-ны дэд даргаар ЭЦА-ны дарга асан, хурандаа Б.Даваажав нар ажиллана. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар, хошууч Г.Жанчивдоржийг томилсон бол Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Н.Мишигдоржийг томилж, хурандаа цол олгосон байна.