Шагчдын дош болсон Таац
Манай улсад архины зах зээл ноёрхоод олон жилийн нүүр үзэв. Нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ нүд орой дээр гаргам тооцоолол гарсан манай улсад энэ төрлийн “далд” бизнес ихээхэн цэцэглэсэн нь гар дээрээс дамлан борлуулагчдын амьжиргааны эх үүсвэр болсон нь нууц биш.

Covid-19 вирусын улмаас паб баар, архи, пиво борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд бүгд шөнийн 22.00-00.00 цагт хаалгаа барих болсон. Тэднийг хаасны дараа бужигналддаг нийслэлийн шөнийн амьдралын бас нэгэн эмгэнэлт дүр зураг нь шагчдын гар харсан залуусын бөөгнөрөл. Улаанбаатарт архи согтууруулах ундаа, худалдан борлуулж, үйлчилдэг 5,000 гаруй цэг бий гэх тоо байна.

Шагийн архи зарж худалдаалдаг үйлчилгээний газрууд болон хувь хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн цаана архи залуу, шинэ үеийнхний баяр, зоогийн ширээ рүү хяналт, зөвшөөрөлгүй шууд залагдаж байгааг илэрхийлэх шиг.
Архидалттай тэмцэж хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжиж байгаа ч бизнес эрхлэгчдийн арга нарийсаж, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжжээ. Савнаасаа бусдыг дийлдэг хар усны балаг өнөөгийн нийгмийн эмзэг сэдвүүдийн нэг. Гэмт хэргийн гаралтын 80-аад хувь архинаас үүдэлтэй үйлдэгддэгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.

Шагчдын “дош” гэж хэлж болохоор Баянгол дүүргийн XXII хороо буюу III, IV хорооллын “Таац” пабын ойролцоо шөнийн зам дагасан шагчид борлуулалтаа хийдэг болоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Бараг л “Таац” гэх энэ пабын ойролцоо шагчид үүрлэсэн гэхэд хилсдэхгүй. Энэ цэгт шагийн архины бизнес нэлээд хөгжсөн гэдгийг цагдаагийн алба хаагчид төдийгүй, дуудлагийн жолооч нар хэлдэг юм билээ.
Хуулиндаа бол, иргэн гар дээрээс архи худалдан борлуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 6.5.13-т зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсвэл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн тусгажээ.

Архи амьдралыг тань хормын төдийд там болгон хувиргах шидийн зүйл. Өнөөгийн нийгэмд аж төрж буй хүмүүн танд сархадыг уухгүй гэх хүсэл, зарахгүй гэх ухамсар байвал архинаас хамааралгүй айл өрх, нийгэм болж чадна.