УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх жилийн төсвийг хэлэлцэхээр төслийг өргөн бариад байгаа. Харин ирэх жилийн төсвөөс нэг “алдаатай” зүйл харагдаж байгаа нь ХОЁР ИХ НАЯД төгрөгийн алдагдалтай байгаа юм. Ингэснээр ирэх жилийн сүүлээр төсөвт тодотгол хийх нь тодорхой болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан.

Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлын хэмжээ 3,647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан.

Үүнийгэээ Сангийн яамнаас “Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг Монгол улсын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд харуулж байна. Хэдийгээр энэ онд дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар цар тахлаас үүдэн дэлхийн бүх улс орон нийгэм, эдийн засгийн шинэ сорилтуудтай тулгарч байгаа ч Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.” гэж тайлбарлажээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хөрөнгийн зардлын хэмжээ болон нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээнд өөрчлөлт оруулж, харин тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн батлагдсан түвшинд байхаар тооцжээ.

Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлын хэмжээг доор дурдсанаар батлахаар болжээ.