Хоёр хоногийн өмнө усархаг борооны дараа нийслэл “Тэг” зогсолт хийсэн. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоосон байна.

Мөн авто замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр цаашид ч тэг зогсолт үргэлжлэх нээ.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотыг чухам л “Аз жаргалтай хот” хэмээн тодотгож, иргэддээ цаасан малгай өмсүүлсэн цаг саяхан. Гэтэл үүсээд байгаа нөхцөл байдлын хариуцлагыг нийслэлийн ИТХ-ынхнаас нэхэх нь зүйтэй. Тэд орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулаад ажлаа хийхгүй байна. Нийслэлтэй холбоотой бүх шийвэрийг тэд гаргах үүрэгтэй ч, сандал ширээ эрх мэдлийг нэгдүгээрт тавьж, ард иргэдээ “мартааский”. Ийм ёс зүйтэй хүмүүсийг дахин сонгох хэрэг байгаа ч юм уу.
Тэг зогсолтын талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өөрийн цахим хуудаснаа “Цагийн уян зохицуулалтруу шилжинэ. Ийм зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Хэрэв үр дүн гарна гэж үзвэл хэрэгжүүлэх боломжтой. Та 07.00-10.00 цагийн хооронд аль ч цагт нь ажилдаа ирж болно. Үдээс хойш 15.00-18.00 цагийн хооронд өглөөний ирсэн цагаасаа хамаарч ажлын 8 цагаа дуусгах. Өглөө оройн цагууд нь зөвхөн хувь хүний сонголт байх ба ажлын 8 цагаа бүрэн ашиглах нь тухайн байгууллагын хяналт, удирдлагаас шууд шалтгаална.
Харин төрийн байгууллагууд нь иргэдэд үйлчилэх цагийг хатуу баримтлах ба иргэдийг чирэгдүүлэхгүй байх бүх нөхцлүүдийг хангасан байх юм. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөн задарч нэг цаг хугацаанд хотруу явах, орой хотын төвөөс буцах хөдөлгөөн цаг хугацааны хувьд давхцах явдал буурна гэж үзэж байгаа” гэгчлэн бичжээ.


За, томчууд нь ч яахав асуудлаа иймэрхүү маягаар шийддэг юм байж. Гэтэл дунд сургуулийн хүүхдүүд яах вэ. Авто замын түгжрэлээс болж, хүйтэн нойтонд алхах уу, сургуулийн автобусандаа суугаад хэдэн цаг түгжирч харих уу гэдэг асуудал бас байна. Сургуулийн автобусыг нэмэгдүүлсэн гэгдэж байгаа ч, авто замын зохицуулалт муу, хэт их автомашины төвлөрлийн улмаас хүүхдүүд илүү хохирч байна. Тэдний асуудлыг тусад нь авч хэлэлцэж шийдэл гаргамаар байна, ИТХ-ынхаан.