УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, мөн энэ хугацаанд нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг өнгөрсөн шөнө гаргасан билээ.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд өргөн хэрэглээний бараа, хоол хүнс, нүүрс түлээний хомсдол үүсэх вий гэсэн айдас төрөөд буй.
УОК-ын шуурхай хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг санууллаа.

Тэрбээр “Нэн түрүүнд хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг хэлье. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн.

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэхэд иргэд хүнсний дэлгүүрт урт дараалал үүсгэх, хүнсээ нөөцлөх асуудал гаргаж байсан. Ийм асуудлыг дахин гаргахгүй байхыг хүсье.

Дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллана. Тиймээс иргэд гурван хоногт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна” хэмээн хэллээ.

Албаны хүний үгийг үл ойшоож, худалдаачид үнийн “хөөсрөл”, хөөрөгдөл үүсгэж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хувиар нэмдэг нь өмнөх карантины үеэр ажиглагдаж байв.

Иймд үнийн хөөрөгдөл үүсгэсэн дэлгүүр, худалдаа эрхлэгчдийг иргэд ил тод зарлаж, ШӨХТГ-т мэдэгдэхийг уриалж байна.

2020 оны 11-р сарын 04-ний өдрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулж байна.

http://taniltsuulga.ubstat.mn/une7.aspx