Албаны машин хүүдээ унуулсан нь олны эгдүүцлийг хүргээд удаагүй байхад Архангай аймгийн засаг даргад тоосоо гөвүүлж, ажлаа алдсан ч хэрүүл зарга хийсээр эргэж ажилдаа очсон хүн ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Товуугийн Батсүх юм.


Бид энэ удаад түүний дээрх хэргүүдийг биш харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон талаар хүргэхээр бэлтгэлээ. Хэргийг анх ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлээд харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн юм. 2016 оноос эхэлж дөрвөн жилийн турш шалгаж энэ оны 08-р сард анхан шатны шүүх хурал болж, 09-р сард давж заалдах шатны шүүх хурал болсон.

Т.Батсүхийн үйлдсэн байж болзошгүй гэмт хэргүүд

1. жолооч Нацагдоржийн Тамирын эхнэр Төмөрбаатарын Энхжаргалын үүсгэн байгуулсан “Ирмүүнбуянт Ундарга” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/12 дугаар бүхий 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Эрдэс долооц хийхэд шаардлагатай 200 тн давс нийлүүлэх” гэрээ байгуулж, 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан

2. “Ирмүүнбуянт ундарга” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/15 дугаар бүхий 56,311,000 төгрөгийн үнийн дүнтэй “Нэг ба олон наст ургамлын үр худалдан авах” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 56,311,000 төгрөгийн хохирол учруулсан

3. жолооч Н.Тамирын төрсөн дүү Эрдэнэбаатарын Болормаагийн үүсгэн байгуулсан “Хонхтон арслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14/11 дугаар бүхий 48,540,000 төгрөгийн үнийн дүнтэй “Малын тэжээлийн нэг наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим витамин болон эрдсийн холимог худалдан авах” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 48,540,000 төгрөгийн хохирол учруулсан

4. эхнэр Зууннасангийн Алтанзагасын төрсөн дүү Зууннасангийн Пүрэвсүрэнгийн үүсгэн байгуулсан “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/2013 дугаар бүхий 48,510,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14,000 ширхэг хашааны шон худалдан авах” гэрээг байгуулж, 30,082,500 төгрөгийн хохирол учруулсан

5. “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14/14 дугаар бүхий 5,409,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайд химийн уринш, хөрс боловсруулалт, зэрлэг ургамлаас сэргийлэх хосолмол үйлчилгээтэй Раундап, азотын бордоо, ургамлын өсөлт дэмжигч бэлдмэл Биосил нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч хууль зөрчиж санхүүжилт олгож 5,409,000 төгрөгийн хохирол учруулсан

6. “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/15 дугаар бүхий 46,200,000 төгрөгийн үнийн дүнтэй “Примекс, барьцалдуулагч, баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх” гэрээг байгуулж, 32,924,000 төгрөгийн хохирол учруулсан

7. төрсөн ах Товуудоржийн Баттулгын үүсгэн байгуулсан “Эйч Ти Эн” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14/20 дугаар бүхий 9,800,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 280 га талбайд 1.400 литр Раундап бодис нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан

8. төрсөн ах Т.Баттулгын эхнэр Даагансүрэнгийн Гандолгорын үүсгэн байгуулсан “ТГБ” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14/11 дугаар бүхий 9,700,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 250 га талбайд ургамлын өсөлт идэвхжүүлэх үйлчилгээтэй биосол бэлдмэл 52 литр, азотын бордоо 3500 киллограммыг нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч энэ төрлийн ажил үйлчилгээ хийгдсэн болох нь тодорхойгүй, 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан

9. “ТТГБ” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/12 дугаар бүхий 46,259,300 төгрөгийн үнийн дүнтэй “Талбайг хагалах, сийрүүлэх, борнойдох булдах, тариалах, талбайд хор цацах, услалт хийх” гэрээг байгуулж, 46,259,300 төгрөгийн хохирол учруулсан,

10. бэр Д.Гандолгорын эгч Д.Уранчимэгийн охин Г.Номингийн нөхөр болох Баттөмөрийн Пүрэвжанцангийн үүсгэн байгуулсан “Онолт консалтинг” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11/15 дугаар бүхий 48,160,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь тариалалтын талбайд цахилгаан холболт, монтаж хийх” гэрээ байгуулж, 33,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. бэр эгч Г.Гандолгор болон түүний эгч Д.Уранчимэгийн охин Г.Номин нарын үүсгэн байгуулсан “Даймонд жем” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09/15 дугаар бүхий 28,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “Микроэлемент нийлүүлэх” гэрээг байгуулж, 28,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэрэнгийн танил Р.Ариунбатын үүсгэн байгуулсан “Пи Си Маркет” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14/09 дугаар бүхий 37,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Эрдэс, давс няцлагч болон эрдэс, давс холигч нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч 2 тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийж, хаанаас нийлүүлсэн нь тодорхой бус, өөр төрлийн тоног төхөөрөмжөөр орлуулан, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж 15,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. “Бат-Энх хүү” ХХК-ийн захирал И.Мөнхжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар бүхий 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 750 боодол хос утаст өргөст зэвэрдэггүй тор нийлүүлэх” гэрээг байгуулж, 30,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
14. “Жаргалант хоолт” ХХК-ийн захирал С.Цэрэнбадамтай 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23/2013 дугаар бүхий 19,703,200 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 150 га талбайд хагалгаа, борнойдолт, тариалалт хийх” ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч уг ажил нь хийгдээгүй 19,703,200 төгрөгийн хохирол учруулсан,

15. өөрийн тэргүүнээр ажилладаг “Жасын сүрэг холбоо”

http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/8056587 Төрийн бус байгууллагад төслийн санхүүжилтийн мөнгөнөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 228,653,120 төгрөгийг тус холбооны Хаан банкны 5037303406 дугаарын данс руу шилжүүлсэн 56,300,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж 56,300,000 төгрөгийн хохирол буюу 15 удаагийн үйлдлээр нийт 277,565,300 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эдгээр хэргүүдийг шүүхээс прокурорт буцаасан. Дээрх хэргүүдээс гадна Т.Батсүхийн холбогдсон хэд хэдэн хэрэг байдаг бөгөөд бид энэ талаар мэдээлэх болно.

А.Баярмаа