Жинхэнэ найз гэдэг өнөө цагт маш ховордсон зүйл. Ялангуяа нэр алдартай, олны танил хүмүүсийн хувьд бүр ч хэцүү байдаг асуудал.

Тэгвэл Холливудын хамгийн удаан үнэнчээр нөхөрлөж буй супер найзууд бол Леонардо Ди Каприо болон Тоби Магуайр юм. Жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүд байхаасаа буюу 11,12 настай байхдаа танилцсан хоёр. Эхнийхээ шалгаруулалтад орж танилцсан хоёрын нөхөрлөл тэр цагаас эхэлж, өдгөө Лео 46 нас, Тоби 45 нас хүрч байна. Тоолоход нас бараг чацуу ч, төөлөхөд нуруу жаахан ялгаатай бөгөөд Леогийн өндөр 183см, Тобигийн өндөр 173см.
Тэднийг хоорондоо дотносч, харилцан биенээ ойлгоход хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол өрх толгойлсон ээжүүд нь юм. Леогийн аав ээж нь 1 настай байхад нь л салж, Лео ээж дээрээ өссөн. Тоби Магуайрын хувьд аав ээж нь Тобиг 4 настай байхад нь салж, Тоби ээж дээрээ өссөн, хүүхэд насныхаа хүнд хэцүү үеийн тухай дурсах тун ч дургүй нэгэн.
Дашрамд хэлэхэд 1990 онд Ди Каприо, Тоби хоёр нэг дүрд өрсөлдөж, пробонд орж байсан гэдэг. Тухайн үед Лео ялж, Parenthood кинонд дүр авсан ч, Тобид өөр дүр олж, кинонд оролцуулаач гэж гуйж байжээ. Леог нэр алдрын оргилд хүргэсэн анхны кино бол мэдээж “Титаник”. Харин Тоби Магуайр “Spider-man” киноны 3 ангид тоглосноор алдаршсан. Лео, Тоби хоёр хамтдаа тоглосон кинонууд гэвэл This Boy’s Life (1993 он), Don’s Plum (2001 он), The Great Gatsby (2013 он) зэргийг нэрлэж болно. Хүүхэд байхдаа танилцаж, хамтдаа нэр алдарт хүрч, шоудахдаа шоудаж, харилцан дэмжлэгтэй нөхөрлөсөөр өнөөг хүрсэн андууд юм.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан