Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн багаж хэрэгсэл, шинжилгээний цус, зүү тариурыг ил задгай хаях болжээ. Гадуураа “Эмнэлгийн аюултай хог хаягдал” гэсэн тэмдэглэгээтэй хогон овоолго бий болсныг эх сурвалж мэдээллээ.


Уутнуудыг ихэнхийг нь нохой, шувуу задлаад хаячихсан, дотроос нь цустай хуруу шил, цустай уут, зүү, тариур, дуслын системүүд, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээний нэг удаагийн оношлуурууд, сорьцын шил, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлүүд ил хөглөрч байгаа аж.

Ойр хавиар нь хог түүх хүмүүс хөлхөлдөж, нохой, шувуу эргэлдэх бөгөөд тэндээс коронавирусийн халдвар тархах эрсдэл маш өндөр байна.

Тэр бүү хэл, эдгээр хогнууд дунд Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Дорнод аймаг гэсэн хаягтай, дотроо түргэвчилсэн оношлуурын сорьцны дээжтэй хайрцаг хэд хэд, цус бүхий хуруу шил хэдэн зуугаараа, эмчийн нэр бүхий хамгаалалтын хувцас, шилэн хаалт зэргүүд байгааг эх сурвалж онцлов.

Гадны бусад оронд эмнэлгийн хог хаягдлыг тусгай зориулалтаар устгах, шатаах, булах зэрэг арга хэмжээг авч байхад манай улс яагаад ийм арга хэмжээ авсангүй вэ.