Монголын хошин урлагийн анхдагч продакшнуудын нэг бол яалтчгүй “Шинэ үе” продакшн юм. Авъяаслаг, ид хийж бүтээх бяр амтагдсан залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлэн ажилладаг нь тэдний онцлог байлаа. Тиймдээ ч тэд одоогоороо оршин тогтносоор л байна. Гэвч тэдэнд зарим нэг эрхэмүүдийн орон зай үгүйлэгдсээр л…

“Шинэ үе” продакшнаар овоглож, өөрийн төрмөл авъяас, жүжигчний уран чадвараараа гайхагдаж, ид өсч явсан залуу уран бүтээлч бол жүжигчин Тайванбаатарын Билгүүн юм. Тэрээр 1984 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсноор түүний жүжигчин болох замнал нь эхэлжээ. Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Шинэ үе продакшны залуу жүжигчин болсон. Тэрээр 2012 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна.

Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино байлаа. Энэ кино нь “Шинэ үе” продакшны бие дааж гаргасан анхны кино юм. Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөнтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй нэлээд төстэй ч байж болох талаар үеийнхэн нь ярьдаг. Тус кинонд дөрвөн найзын тухай гардаг бөгөөд тэдгээр залуус буруу зүйл рүү санамсаргүйгээр орж тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаагаар үйл явдал өрнөдөг. Яг л энэ кино шиг “Шинэ үе”-ийнхэн ч 2015 онд буруу зүйл рүү орчихоод тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаа юм шиг санагдаж байсан.

Яг л тэр он цагт харамсалтай мэдээ олныг цочирдуулсан нь 2015 оны 01-р сарын 23-нд “Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ын Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үедээ автозамын осолд оржээ. Тус ослын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ амь насаа алдаж залуу жүжигчин А.Энхжин, Р.Алтансүх нар гэмтэл аван эмчлүүлж байна” гэсэн мэдээ байв. “Шинэ үе” продакшны жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг дэлгэж, харууслаа илэрхийлж Т.Билгүүнтэй хамт байсан сүүлийн хормынхоо талаар олон нийтийн сүлжээнд бичсэнээр уг хэрэг явдал үнэн болох нь батлагдсан юм.
​Тэрбээр тайз дэлгэцийн 100 гаруй дүрийг чадварлагаар бүтээж, мэргэжил нэгт нөхдийнхөө тэргүүн эгнээнд байж чадсан Монголын хошин урлагийн түүчээ болсон авъяаслаг жүжигчин, ард түмний хүү байлаа.

Түүний шарилыг авчирч 2015 оны 01-р сарын 28-ны өдөр Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд талийгаачтай салах ёс хийж сүүлчийн замд нь үдсэн. Ажил явдал дуусахтай зэрэгцэн “People of Mongolia “сэтгүүлийн нүүрэнд гарсан мэдээлэл бүхий зураг нэлээд хүний бухимдалыг хүргээд авав. Тус сэтгүүлийн нүүрэнд “Т.Билгүүн амьд уу?” хэмээн гарчиглаж, жүжигчин агсан залууг БНХАУ-д хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан гэдэг үнэн үү хэмээн дэд гарчиг өгөн нийтэлсэн байв. Энэ нь харин олон хүний дургүйцэлтэй нүүр тулж, талийгаачийн ар гэрийнхэн ч энэ талаар шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан. Өөд болсон хүний нэрийг холбогдуулсан ийм үйлдэл гаргаж байгаа тус сэтгүүлийнхэн хариуцлагаа хүлээж ямар нэг тайлбар хийгээгүй.

“Хөгжилтэй өдөр”, “Single Ladies-1”, “Доргио 7 эр” зэрэг кинонуудад гол дүрийг бүтээж мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлж, ид хийж бүтээх насан дээрээ явсан, гялалзсан авъяастай залуугийн араас өнөөдрийг хүртэл мэргэжил нэгтнүүд нь, монголчууд харамсаж, итгэж ядсаар байгаа билээ. Үүрд дурсан санах болно оо.

Б.Мөнхжаргал