Дорнын тэнгэрт утаа манраад

Довтлох салхи улам ширүүсэн

Эрийн ёсоор тангаргаа өргөөд

Эрэлхэг дайчдын цуваа хөвөрнө… хэмээн “Дайчдын аян дуу”-г дуулах боргил хоолойт эрхэм бол нэрт жүжигчин, дуучин Б.Дамчаа юм.

Тэрээр сайн жүжигчнээс гадна дуучин, өгүүлэхүйн мастер юм. Түүний “Цэнгэлтэй үдэш”, “Дасйны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуу, “Эх орон” дууг мэдэхгүй хүн үгүй. Б.Дамчаа гуай тэнгэр бурхны хайрласан их хишиг буюу дуулж, олныг уяраан сэтгэл зүрхийг нь өөртөө татах ер бусын гэмээр авьяас билэг бүрдсэн хүн байжээ. Мөн тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан өгүүлэхүйн урлагийн мастер юм.


Банзарын Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар, одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутагт төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв.


Б.Дамчаа тал бүрийн авьяастай уран бүтээлч билээ. Аливаа хүмүүний нэр их утга учиртай байдаг. Нэр төрөө авч явна гэдэг түүнээс ч өргөн утгатай гэдэг. Түүний нэр нь төвд нэр. Уг нэрийг эх хэлэнд хөрвүүлвээс дам-дээд, чой-ном хэмээсэн билэг ерөөлт утгатай ажээ.

Б.Дамчаа нь кино урлагт зөвхөн жүжигчнээр ажиллахын зэрэгцээ “Говийн нүдэн”, “Зуслангийн найзууд”, “Хатанбаатар”, “Нарны унага”, “Зарлаагүй дайны оршил”, “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү” зэрэг кинонуудад 2-р найруулагч хийж кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүчээ дайчилсан хүндэт хүний нэг.

Түүний анхны дүр бол “Үер” киноны Молом занги. Тэрээр уг кинонд тоглохдоо 37 настай байжээ. Мөн “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл, “Хүргэн хүү” киноны Хайдав, “Өглөө” киноны Хачиг Луузан, “Хатанбаатар” киноны Жав зэрэг дүрүүдийг кино дэлгэцнээ сайн бүтээж кино судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан.

Ардын жүжигчин Б.Дамчаагийн дундаршгүй авьяасыг төр үнэлэн 1985 онд Гавьяат жүжигчин, 2007 онд Ардын жүжигчин цолоор мялаажээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүний бүтээсэн дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж, “Цэнгэлтэй үдэш”, “Эх орон” дуу түүний баргил хоолойгоор эгшиглэсээр л байгаа цагт түүнийг хэзээ ч мартахгүй.