“Найруулагч бол сурдаг биш төрдөг мэргэжил” гэж Монгол Улсын ардын жүжигчин Г.Жигжидсүрэн хэлсэн байдаг. Төрдөг мэргэжлийг өвлөн төрсөн төрмөл найруулагчдийн нэг бол Улсын Драмын Эрдмийн театрын Баярцагааны Баатар юм.

Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж багйаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монгол телевизийн программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн теарт ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллаж байсан.

Найруулагч Б.Баатар нь театрын тайзнаа

В.Ёжов “Гургалдайн дуут шөнө”

Э.Оюун “Гарваа”

А.Дударев “Босго

А.Дударев “Цэргүүд”

Ш.Гүрбазар “Сэрүүн зүүд”

Б.Лхагвасүрэн “Дутуу хээтэй тооно”

Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”

Б.Лхагвасүрэн “Атга нөж”

Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”

Д.Урианхай “Хүн бүгд би”

Д.Урианхай “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0

Д.Мэндсайхан “Мануухай”

Д.Мэндсайхан “Худалч эгч”

Ц.Хулан “Монголын ардын суут”

А.П.Чеховын “Цахлай”

В.Н.Гоголийн “Амьгүй албат”

М.Сервантесын “Кихот ноён”

Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “Икар”, “Соёо”, “Хүйтэн цуст”, “19”, “Тэнгэрийн задгай” зэрэг дэлгэцийн бүтээлүүд нь ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авъяаслаг уран бүтээлч байсан юм.

Б.Баатарын Монголын соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг төр засаг, олон нийтийн байгууллагуудаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Э.Оюуны нэрэмжит шагнал, Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолыг хүртээжээ.

​Монголын урлагийн охь болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч таалал төгсч монголын урлагт томоохон гарз тохиосон. Урлагийн ноён оргилын маань бүх уран бүтээл мөнхөд бидний зүрх сэтгэлд хадгалаастай, үүрд дурсагдсаар байх болно оо.