Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.30/ мэдээлэл хийлээ.

“ИНТЕРМЕД ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ4 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЧЭЭ”

Өчигдөр /2021.01.29/ нийт 14495 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох тусгаарлагдаж буй хүмүүсийн давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрчээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 908 боллоо. Харин орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр Интермед эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа, халдварын эх уурхайг тандах судлах ажил үргэлжилж байна. Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ.Баталгаажуулах сорьцыг нийслэлд илгээсэн. Улсын хэмжээнд дотоодын халдвар 1234 бүртгэгдсэн байна.ХӨСҮТ-өөс Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 22 хүнийг шилжүүлсэн. Интермед эмнэлгээр өчигдөр үйлчлүүлсэн иргэний онош батлагдаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөгдсөн. Биеийн байдал нь маш хүнд байна. Энэ хүн зохиомол амьсгалын аппараттай, эмчлүүлж байна.Тухайн иргэн гэртээ халдвараа хүндрүүлсэн байна.Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь эрс хүндэрсэн өвчтөн байна.