Аварга шувуутай анхны цагаан сар


Бараг л миний анхны ой дурсамжуудын маань нэг дээ, тэр нэг аварга бараан шувуутай анхны Цагаан сар маань…
Тэр жилийн цагааныг манайх Мөрөнгийн өвөлжөөнд угтжээ. Мөрөн гэдэг нь Хантайширийн нурууны өвөрт байх хөх өтөг нь нурсан өвөлжөөсөн. Бага зэрэг налуудуу, гэрээс гарахаар тэр нурсан их өтгөнд нь аацагнаад явж чаддаггүй, хажуу айл хүртлээ нэлээд юм болдог байсан гэхээр би их л бага байсан шиг байгаа юм. 4 ой хүрээгүй л байж.
Өмнүүрээ өргөн хөх сайртай. Доошоо оройг нь тэгшилчихсэн юм шиг намхан саараг дэнжийг зүсэн урсана. Урд талынхыг нь Булгийн, хойт талынхыг нь Мээтүүгийн дэнж гэнэ. Орой үдшийн нарнаар морьтой хийсгүүлж явахад мөн сайхансан. Хожмоо морь унаж сурчихаад тэр дэнжээр гарч давхиж, хорхойгоо дардаг байлаа.
Дээшээ бол далин хальс, элдэв бут бударгана сүглийж, хад цохио нь сүүхийсэн хавцал болчихно. Манайхан тэр хавцлаа Хавцгай гэнэ. Салаа сархиаг бүхэнд нь зэрлэг сонгинын толгой тарьчихсан юм шиг хүрэнтээд, тошлог бөнжийж, хойлогийн хонолго цайрч, хахилаг хашгичиж байдагсан. Хуучин цагт тэр сайраар дүүрэн ус цалгирч байсан юм гэнэ билээ. Тиймээс Мөрөн гэж нэрлэжээ гэж ярьдагсан. Тэр сайраар сал урсгадаг байсан ч гэх. Мөрөнгийн өвөлжөөнөөс доош уруудахаар Халхайн хонхор нэртэй хаваржаан бий. Түүний өмнүүр явган хүн гаталга өгдөггүй байсан учир модон гүүртэй, бүр саяхан болтол 1940-өөд онд тэрхүү модон гүүрний үжирсэн үлдэгдэл байсан гэдэг юм. Тэгэхээр үнэхээр л арвин их устай байсан хэрэг. Одоо бол эхэн, дунд, адагтаа л нэг нэг булагтай, тэр булаг нь юун гүүрээр гатлах, хатиартай ишиг ч гишгээд гарчих шахам. Гэхдээ юутай ч Мөрөн цагтаа их устай, эсвэл их усны ай сав байсныг гэрчлэх зүйл одоо хангалттай байдаг нь хажуу энгэрийн аль ч чулууг сөхөхөд эрхий хурууны үенээс томхон дунгууд хэд хэдээрээ гарч ирнэ.
Тэр жил Мөрөнд манайх 5 гэрээр өвөлжжээ. Манайх өвөлжөөний зүүн доод буланд. Манай баруун талд Галиндив Аамаагийнх. Аамаа агент. Их том гэртэй. Хоймроо цэнхэр хээтэй цагаан хулдаас битүү дэвсчихсэн. Гишгэхээр чихарч дуугараад, газар хөдөлж, уначих гээд болдоггүй учир би айгаад баганаас нь дээш гарч чаддаггүй байв. Зэ тэдний хоймор бол талаа тал. Аамаагийнх надаас нэг хоёр эгч охинтой. Охин нь гурван дугуйттай. Тэр тал шиг том хоймортоо өнөөх хулдаасаа шажигнуулж, чихруулаад л гурван дугуйтаараа давхина. Газар дэлхий ганхаж, дайвах шиг л болно. Би дугуйг нь дагаад гүймээр ч өнөөх хөдөлдөг хулдааснаас болгоомжлоод ойртохгүй.
Манай гэрийн ард Банзай Бовоогийнх. Манай хотны хүүхдүүд “Тальтан Банзай” гэнэ. Их бөөрөнхий хэлтэй хүн байж.
“Таль туль Тальтан Банзай
Таргын ааруул таван цаас” гэх мэтээр толгой холбон ярьцгаана.
Би бас таг тальтан. Хүүхдүүд байтугай томчууд нь ч бид хоёрыг холбож их шоолно, өхөөрдөнө. Би өөрөө тальтан байж бас Бовоогоо нөгөө хүүхдүүд дуурайж, “Тальтан Бовоо” гэнэ. Жижигхэн хожгор бор өвгөн байсансан. “Бовоо маань ёстой хүний хайлан байсандаа” гэж хожим аав, ээж маань дурсдаг байлаа. Хүүхэд би ямар тэр нарийн юм мэдэх биш. Нэг удаа ээж хайлмаг хийгээд тогооноосоо гаргах гэж байгаад нэг хэсгийг нь үнснийхээ тосгуур луу унагачихав. Аягаа бариад хүлээж байсан би “Ээ, Тальтан Бовоо” гээд уулга алдчихаж. Бовоо ёодууны оёорт түнхэгээ нухаад сууж байсан юм. Ээж, “Ахай чи, ах зах хүнийг элдвээр хэллээ” гээд шилээврээ бариад ухасхийхэд нь би Бовоогийн араар ороод нуугдчих. Бовоо “Яахав яахав, хүүхэд ингэж л байг” гээд намайг сул гараараа ээжийн шилээврээс хаацайлж суусныг санадаг юм.
Бовоогийн самганыг Жанрай гэх. Бид нар бас Өндөр Жанрайсаг гэнэ. Өндөр биш, Бовоо шигээ намхан хөгшин байсан. Өндөр гэхийн учир нь манайд мөнгөн гуутай нэг их олон ижийсэн гартай эрээлжилсэн бурхан байсан ба түүнийг “Өндөр Жанрайсаг” бурхан гэдэг байв. Миний санахын манайх л лав 1970-аад оны эхээр гэртээ бурхан тахилтай л байсан юмдаг. Тэр хорио цээр, хяналт шалгалт нь хаагуур нь байсныг мэдэх юм алга.
Эгч бид хоёр Бовоогийнд орох их дуртай. Учир нь Бовоо, Жанрай хоёр л биднийг хүүхэд гэж гололгүй, тоглож нааддаг, ярьдаг хөөрдөг байлаа. Эгч бид хоёрт хөзөр зааж өгсөн. Гэхдээ би сураагүй хэрэг, яг тоглохоороо надад хэдэн муу мод бариулаад, өөрсдөө тоглоно, эхэндээ би тэр хэдэн муу модонд нь хууртаж байснаа, надтай тоглохгүй байгааг нь мэдмэгцээ орилчихдог байв.
Бовоо, Жанрай хоёр амандаа цагаан марлаар хийсэн маск зүүчихсэн хоолоо хийдэг байсныг нь сайн санаж байна. Тэр үед тэр Алтайн өврийн аглаг өвөлжөөн дээр амандаа масктай хоол хийдэг гэхээр хачирхалтай сонин биз. Аавын хэлэх нь “Бовоо шүлс үсчинэ гээд амандаа дандаа масктай хоол цайгаа хийдэг байсан” гэж хожим дурссан. Залуудаа Хамбын хүрээнд шаггүй номтой лам явсан юм гэнэ билээ. “Таг тальтан Бовоо яаж ном уншдаг байсан юм бэ?” гэхээр, “Уншилгүй яахав, юм мэдэхэд хэлний тальтан ямар хамаа” гэж аав уцаарлана. Жижигхэн бор гэртээ Бовоо, Жанрай хоёр баяр хөөрөөр халгиж цалгиж л суудаг байсан санагдана.
Бовоогийн зүүн хойт талд манай ээжийн нагац Жажаагийнх байна. Ээжийн ээжийн буюу манай буурал ээжийн төрсөн дүү нь. Цэмцгэр цэвэр гэж жигтэйхэн. Битүү цагаан бержинт дэвсээстэй. Хаалгандаа жижигхэн цонхтой. Тэр цонхоор нь гаднаас нь шагайж байгаад загнуулна аа. Эвлэг донжтой хийцтэй, алтан боронзон хээтэй багашиг явган ширээтэй. Ширээнээс нь ер бусын гоёмсог хөх алаг шаазан аяганууд гарч ирнэ. Хожмоо Жажаагийнх шиг тийм шаазантай таарсангүй. Мөлчийсөн цагаан гурилаар хоол хийнэ, чихэртэй цагаан гамбир нь бүр гоё.
Жажаагийнд хэдэн хөөрхөн тоглоом байдагсан. Гар хөлийг нь хөдөлгөхөөр чихарч дуугардаг томоос том төмөр сармагчин байлаа. Бас хоёр савааг нь нааш цааш хөдөлгөхөөр агаарт эргэж тонгорч, элдэв юм үзүүлдэг самрагчин ч байлаа. Одоогоор бол савлуур дээрх сармагчин. Арагш нь татаж байгаад тавихаар тэр цагаан бэржинтэн дээгүүр шижигнэтэл давхидаг машин ч байв. Самар цөмж байгаа хоёр цагаан хэрэм надад өгсөн, би сургуульд ортлоо л тэр хэрмээр тоглосон юмдаг. Тэр аглаг хөдөөгийн өвөлжөөн дээр тийм ховрын тоглоом хаанаас ч ирсэн юм, бүү мэд. Хааяа толгойныхоо авдраас самартай бор чихэр гаргаж өгнө. Жажаа хүүхдүүд бидэнтэй учиргүй налигнаад байхгүй, гэхдээ хажиглаад загнаад байхгүй. Нэг тийм эрхэмсэг. Ер Жажаагийн юм бүхэн нүнжигтэй. Тойн хүний отгон охин юм гэнэ билээ. Нутгийнхан Тойныхон гэдэг. Дотор хатуу эд ч, гадар мал ч сайтай. Соц үед л банкинд 32 000 төгрөгний хадгаламжтай, нэг үе Сум-нэгдлийн домог болсон дарга Г.Лодойхүү баатар Жажаагаас мөнгө зээлж нэгдэлчдийнхээ цалинг тавьж байсан гэж ярьдагсан.
Тэгээд хашааны баруун хойт дээр Байжаа хөгшнийх. Цоохор Бат гэнэ. Ер тэр үед ямар нэгэн хоч, чимэггүй нэртэй хүн манай хөдөө нутагт огт үгүй байж. Яаж ийгээд л хоч өгнө. Гэхдээ тэр хоч нь ихэнхдээ оносон ч гэж, донжтой ч гэж жигтэйхэн. Харин Бат гуайн хоч бол энгийн. Залуудаа салхин цэцгээр өвдөөд, цоохортож эдгэсэн учир цоохор нүүртэй. Тэр цагт салхин цэцэг, кор хоёроор хүмүүс хиарчихдаг байсан юм гэнэ билээ. Тиймээс ард түмэн тэр айхтар өвчнийг нэрээр нь хэлдэггүй, аргадаж Цагаанбурхан, Улаанбурхан гэдэг байж. Одоо л хээгээ алдаад хаа хамаагүй хэлдэг болж. Манай Хамба гэгээний дүү Сүрэнжав дүвчин гэж айхтар дүвчин байж. Цагаан, Улаан бурхантсан хүмүүсийг өөрөө тарилга хийж эдгээсэн, Байжаа тийн эдгэсэн хүмүүсийн нэг юм гэсэн. Сүрэнжав дүвчин хүний эрүүг нь заагаад, хоолойны махыг нь аваад, буцаагаад эдгээсэн, завжаараа улаан сорвитой хүн ч байлаа гэж ярьдагсан. Мэс засал л хийдэг байж дээ. Түүгээр бол манайд 1910-аад онд мэс засал хийж байсан байж мэдэхээр.
Байжаа хөгшин сандал дээр ч, эмээл дээр ташаалдаж суудаг байж. Хожмоо сонсохнээ нь 1932 оны эсэргүүний үеэр хонгоныхоо махыг шулуулчихаад тэр юм гэсэн. Тэгэхэд Байжаа залуухан ч байж, Цээл суманд хоршоонд ажиллаж байжээ. Эсэргүүнүүд хил даваад зугтахдаа Цээл сумын хоршоог талж, суман дарга, хоршоон дарга хоёрыг хонь шиг өрлөж алаад, Бат гуайг болохоор ташуурынхаа сурыг зангидаж байгаад хонгон дээр нь ташуурдаад байж. Хонгоных нь мах салбараад, цус алдаад эхлэхээр нь шороо цацаж байгаад ташуурддаг гэж байгаа. Тэгээд ухаан алдахаар нь хээр хаячихаад явчихжээ. Шөнийн сэрүүнээр ухаан ороод 10 гаруй км газарт өнжин хонон элгээрээ мөлхсөөр айлын бараа харж, 3 сар түрүүлгээ харан хэвтэж байгаад хөл дээрээ боссон юм гэсэн. Хүний амь бас л бөх байжээ.
Тэр цагаанаар манай хотны 5-н айлынхан Байжаагийнд цуглаад, бодвол Байжаагийнх хамгийн ахмад нь байсан байх. Аав зүүн хойморт нь, би аавын өвөр дээр… Гэр дүүрэн хүмүүс, Байжаагийн самган тогоон дээр цай самраад л. Үүд дэлгээтэй байсныг бодохоор дулаахан байсан юм болов уу, бас гэрт олон хүн цуглаад ч тэр байх. Гэтэл ах гаднаас “Нэг том шувуу, нэг том шувуу” гэж хашгичсаар орж ирэв. Хүмүүс эхлээд анхаарахгүй байснаа нэг нь дэлгээтэй хаалгаар шагайснаа, “Хүүе хааяа, нээрээ ямар том шувуу вэ” гэлцээд, хүмүүс хаалгаар багтаж ядан гарцгаав. Аав намайг тэврээд гарсан юмдаг. Гэтэл өвөлжөөний баруун дээр нээрээ нэг их том бараан шувуу ирээд суучихсан байна. Тэнгэр халхлах мэт нэлмийгээд л, ёгнойчихоод үнэхээр аварга амьтан. Би харахаас зүрхшээгээд, аавын мөрөнд нүүрээ наачихав.
“Тас тас, тас л байна” гэж нэг нь хэлэхэд, “Тас биш ээ, таснаас хамаагүй том юм байна”, “Одоо ямар юмных нь тас байдаг юм”, “Тас чинь хомоол шиг жоохон толгойтой байдаг юм, энэ чинь ишиг шиг том толгойтой юм” гэлцээд хүмүүс маргалдана.
“Буудчихьяа. Тэгээд тас мөн бишийг нь мэднэ” гэхэд, ах аавын бууг авчрахаар гэрлүү гүйв. Төдөлгүй, ах аавын цагаан карбинийг толгой дээрээ барьчихсан гүйгээд ирдэг юм.
Би буун дуунаас үхтлээ айдаг тул нүдээ аниад, чихээ дараад чадлаараа орилсноо л санадаг юм. Чухам тэгэж орилж байгаад буудсан үгүйг нь мэдсэнгүй. Юутай ч өнөөх шувуу босоод явчихжээ. Хожим аав “Буудах гэхнээ нь чи орилоод үргээчихсэн” гэдэг юм. Нүдээ нээгээд харвал хүмүүс шуугилдаад, өнөөх том бараан шувуу өвөлжөөний урдхануур нэг эргээд далбилзсаар Бурхан уул чиглээд одчихов. Хөгшдийн зарим нь сүү энэ тэр өргөж, залбирч, Бовоо ном дүжигнэтэл уншиж…
“Күй ээ, нээрээ энэ ямар том шувуу вэ, Хангарьд гэдэг нь арай биш байгаа” гэж байна. Банзай Бовоогийн ярьдаг үлгэрийн тэр том шувууг би сайн мэдэх учир үлгэрийн шувуу ирсэн гэдэгт бат итгэсэн. Бас сайн санаж буй хэрэг.
Ер тэр үнэхээр тийм том тас байв уу, юу байсан юм бүү мэд. Тэгэхэд 12 настай байсан ахаас одоо асуухаар, “Нээрээ аймаар том шувуу байсан, юун тас” гэнэ.
Тэр ер бусын том шувуу ирсэн тэр жилийн цагаан сар миний анхны цагаан сар байлаа

Баасангийн Наминчимэд