1. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг Улаанбаатар хотын уугуул.

2. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ Монголын туйванчдын Оргил амжилт юм.

3. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.

4. М.Анхцэцэг: “Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө Их хувь зохиол” хэмээн хэлэх дуртай.

5. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр” гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ.

6. Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил”, “Ромео Жульетта” зэрэг жүжигт тоглож байсан, мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.

7. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.

8. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.

9. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн

10. Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн.

11. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг.

12. М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал иржээ. Энэхүү саналыг багш, шавь хоёр хүлээж аваагүй юм

13. Тэрбээр “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Тэрнээс биш миний хувьд мөнгө чухал биш.” хэмээсэн байдаг.

14. Түүний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах юм.

15. М.Анхцэцэг шинээр хичээллэж буй дүү нартай хандаж “Хамгийн гол нь тууштай байгаарай. Ер нь аль ч спорт хүнд хүмүүжил олгодог. Спорт бол хүндлэл, хүн байхыг заадаг юм болов уу гэж боддог. Шинээр хичээллэж байгаа хүүхдэд хэлэхэд тууштай байгаарай. Бурхан тууштай, үнэн зөөөр хөдөлмөрлөсөн хүнийг заавал шагнадаг юм шүү гэж хэлье.” хэмээн захисан.

16. Түүний нэгэн мөрөөдөл бол өөрийн гэсэн асрамжийн газартай болох. Хүүхдүүдийг 18 нас хүрэхээр нь шууд гаргадаг биш ажил амьдралын зэрэгт нь хзргэж чаддаг тийм асрамжийн газартай болохыг хүсдэг.

17. Энэ жилийн хамгийн том зорилго нь Токиогийн олимп. Тэрбээр 2016 оны Риогийн олимпод 8-р байр эзэлсэн амжилттай.

18. 2014 он Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль

2014 он Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль

2015 он Дэлхийн цомоос хүрэл медаль

2016 он Залуучуудын ДАШТ-д Алтан медаль

2016 он Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга

2016 он Риогийн олимпийн их наадамд шагналт 8 байр

2016 он Залуучуудын Азийн аварга

2016 он Оюутны ДАШТ-д алтан медаль

2017 он Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

2017 он Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

2017 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Анхдагч болсон

2019 он Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

2019 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медаль

2019 онд Дэлхийн цомын аварга

19. М.Анхцэцэгийн багш нь Ц.Хосбаяр. Шавийгаа Бурханы бэлэг хэмээн билэгшээж явдаг. М.Анхцэцгийг хүмүүс Алтан охин хэмээх нэрээр нь андахгүй мэднэ.

20. Мөнхжанцангийн Анхцэцэгт зориулав

Би Бурханы охин

“Монгол монгол гэж зүрх нь цохил” хэмээн Бурхан намайг бүтээсэн

“Мохошгүй хатан зоригтнуудын удам залгуул” гэж гэж явуулсан

“Ард түмнийхээ итгэлийг даагаарай” гэж аравнайлсан

Анхдагч болон “Алтан охин” гэж дуудуулахыг ерөөсөн

Бурхадын ивээлээр нартад би мэндэлсэн

Буянт ээжийнхээ хэвлийд би бүрэлдсэн

Мөнхжанцангийнх хэмээх айлд ууган үр нь болсон

Мөнх Чимэг-лэх алдарыг минь Анхцэцэг гэж шивнэсэн

Цэргийн удмаа үргэлжлүүлнэ гэж өөртөө амалсан

Чин үнэнчээр зүтгэнэ гэж Эх орондоо тангарагласан

Тулгарсан зовлонг ч ард түмэн минь үүрэлцсэн

Тулах цэг минь ард түмэн болохоор би хичээсэн

Дэлхийн дэвжээнд би сүрдээгүй Эх орон минь байгаа болохоор

Дэндүү хайртай хамт олон Ард түмэн минь түшиж байсан болохоор

Буян дааж ачийг тань хариулна гэж эцсийн хүчээ шавхсан

“Бурханы бэлэг” хэмээн Багш минь уулга алдсан …

2020. 12. 03-04

Ч.Амартүвшин