Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн.

Тус хөтөлбөрийн Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд энэ сарын 19-ний байдлаар 1 228 аж ахуйн нэгж, 6 870 иргэнд нийт 563.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэд дунджаар 37 сая, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан талаар албаны эх сурвалжууд мэдээллэв.

Монголчууд бид түүхий эд боловсруулах үйлдвэргүй учир тус банкнаас авсан зээлээ тэр чигт нь урагшаа зөөвөрлөж байгааг жижиг дунд бизнес эрхлэгчид хэлж байна.
Тавилгын үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч Б.Тулга “Коронотой жилүүдэд бизнес эрхлэгч, жижиг дунд хөдөлмөр эрхлэгчид бид амь тавихаас наагуур хэцүүхэн байна. Засгийн газраас 10 их наядын цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлсэнд маш талархалтай байгаа. Гэхдээ түүхий эд боловсруулах үйлдвэргүй учраас энэ мөнгө тэр чигтээ БНХАУ-руу гарч байгааг нуухгүй. Манайх 200 сая орчим төгрөг авсан. Энэ мөнгөний ихэнх мөнгөө урагшаа түүхий эд авахаар гаргасан. Одоо хөл хорио гээд эргэлт хийж чадахгүй, ахиад л түгжигдчихлээ” гэв.

Хүнсний мунхлагийн эзэн Л.Болормаа “Би компани байхгүй, орлого зарлагийн хар дэвтэр, дансны хуулгаа үндэслэн 20 сая төгрөгийг 3 хувийн зээлээр авсан. Бусад бизнес эрхлэгч нарыг бодвол бид ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ манай энэ хавийн иргэдийн амьжиргааны түвшин эрс муудаж, хүнсний бүтээгдэхүүнээ зээлээр худалдан авах нь ихэссэн учраас одоогоор авсан зээлийнхээ үр ашгийг гаргаж чадахгүй байна. Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг газрууд маань бүтээгдэхүүнийхээ үнийг 100-1500 төгрөгөөр хөл хорионы өмнө огцом өсгөсөн” гэв.