“Явуулын хүн” киноны дүрээрээ киноны мэргэжилтнүүдээс ОНЦ үнэлгээг авч, монголын ард түмэнд өөрийнхөө хэр жүжигчнийг харуулсан А.Баярцэцэг өдгөө Холлиудын кинонд тоглоод завгүй яваа.

Нэг хэсэгтээ л эх дэлхийнхэн Монгол бүсгүйн дахин давтагдашгүй дорнын гоо үзэсгэлэнт төрхийг мартахгүй санах биз. Мисс А.Баярцэцэг хэмээх энэ бүсгүй Эх дэлхийн миссийн тэмцээнд оролцож бас ч гэж хоосонгүй хамгийн сайхан даашинзтай миссээр шалгарч байв. Будаггүй төрх, эх дэлхийг энэрэн хайрлах үйлсийг шалгуур болгодог энэ төрлийн тэмцээнд Б.Баярцэцэг түрүүлсний үндсэн шалтгаан нь түүний өвөрмөц монголжин төрх.


Харандаа мэт хамар, хачин том эргэлдсэн алаг нүдтэй л бол сайхан хүүхэн гэдэг идеал хэдийнэ моодноос гарч, чухамдаа Б.Баярцэцэгийнх шиг онигор, жартгар нүд, өвөрмөц азирхуу төрх урлагийн ертөнцөд эрэлт өндөр болсныг хэлэх үү, мисс бүсгүй “Марко Поло”-д шилэгдэж, дүр бүтээчихсэн азтай дамшиг.

 


Хүмүүс түүнийг “хөдөөнийх” гэж нэвт шувт ойлгосон нь мисст оролцох үеэрээ хийсэн танилцуулгатай нь холбоотой болохоос угтаа Улаанбаатарын унаган ирэн, 2012 онд КТМС-ийг төгсөн ажлын гараагаа “Гоёо” компаниас эхэлж байсан, гурван жилийн өмнөөс жүжигчний мэргэжлээр суралцаж буй, маркетингийн удирдлагаар өмнө нь сурч төгссөн гэсэн товхийсэн намтартай.
“Жүжигчний мэргэжил намайг гүн бодогч бага шүүмжлэгч болгосон” гэх Б.Баярцэцэг өдгөө киночдын дунд ёстой одтой, эрэлттэй гэнэ лээ.