Мэргэжлийн боксын vRINGe.com сэтгүүлийн газраас шинэ чансаагаа танилцуулжээ. Хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ын жинд манай тулаанч, гавьяат тамирчин Н.Төгсцогт наймдугаар байрнаас долоо руу дэвшсэн байна.


Их Британийн Жеймс Диккенс эхний 10-т орж ирсэн бол сүүлийн үед тэмцээнд ороогүй Хятадын Сю Чхань дөрөвдүгээр байрнаас бууж, эхний арваас хасагдсан байна. Н.Төгсцогтын хувьд WBC холбооны чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин vRINGe.com болон WBC холбооны чансааг Гэри Расселл аварга тэргүүлсэн хэвээр байгаа аж.
Н.Төгсцогтын тулаан энэ сарын 29-нд АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ёстой байсан ч Мексик тамирчинтай жин дээр тохиролцож чадаагүй учраас цуцлагдсан билээ.
Гэхдээ манай тамирчны тулааныг ойрын 2-3 сарын дотор зохион байгуулахаа WBC холбооноос амалсан бөгөөд энэ нь түр зуурын аваргын бүсний төлөөх тулаан байж магадгүй байгаа юм. Н.Төгсцогт энэ талаар “Тулаан цуцлагдсан ч би үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр байна. Том тулаанд ялалт байгуулж, та нартаа бэлэг барихыг хүсч байна” хэмээн бичжээ.