Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт монгол улсаа төлөөлөн оролцох гэж буй зөнч билэгч Д.Мягмарбаяртай ярилцлаа. Тэрээр Монголд цөөхөн байдаг хар домч, энергийн засалч, ховсын эмчлэгч юм.


Хамгийн анх хэзээнээс өөрийгөө бусдаас онцгой зөн билэгтэй хүн гэдгээ мэдэрсэн бэ?

-Багаасаа л их мэдрэмжтэй хүүхэд байлаа. Хий юм хардаг, сонсдог байсан. Нас бага байсан учраас нээх тоодоггүй, анзаардаггүй хүүхэд байлаа. Хожим нь долгионы бясалгалтай учирснаар өөрийнхөө зургаа дахь мэдэрхүйг илүү таниж, нээх бололцоог өөртөө олгосон. Надад багш гэж хүн байдаггүй. Бясалгалаар өөрийнхөө билгийн мэлмийг нээж байсан. Долгионы бясалгалыг тасралтгүй хийгээд долоон жил, билгийн мэлмийгээ нээгээд хоёр жил болж байна. Түүнээс хойшхи хугацаанд улам илүү энэ чадвараа хөгжүүлсээр байгаа. Миний зам мөр энэ бясалгалтай салшгүй холбоотой. Миний багш бол дээд хүч.

Зөн билэгтэн хүн үзмэрчээс юугаараа өөр байдаг вэ?

-Зөн билэгтэн гэдэг нь арай мэргэжлийн тал руугаа гэсэн үг. Өөрийн зөн билгийн чадвараараа Олон улсын Зөн билгийн академиас сертификатыг авсан. Энэ сертификат олон улсад хүчин төгөлдөр бөгөөд дэлхийн аль ч оронд Зөн билэгчээрээ ажиллах боломжтой гэсэн үг.

Энэ сертификатыг Монголд эзэмшдэг хэдэн хүн байдаг вэ?

-Байхгүй. Монголоос анх удаа би авсан. Энэ серифкат маань Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцоход маань хэрэг болно. Тус нэвтрүүлэгт өөрийнхөө CV болон бусад материалаа илгээсэн. Удахгүй урилга маань ирэх байх. Дэлхийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас тус нэвтрүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшлосон. Гэхдээ тус нэвтрүүлгийн редакцаас оролцогчдоо судалдаг юм билээ. Миний хувьд явах нь тодорхой байгаа. Гэхдээ шаардлаггүй бол явахгүй ч байж болно.


Ихэвчлэн ямар хүмүүс ирж үзүүлдэг вэ. Зовоход лам цадна, зуд болоход нохой цадна гэж үг байдаг?

-Зовсон хүмүүс ирдэг гэж ойлгох нь өрөөсгөл. Янз бүрийн л хүмүүс ирдэг. Зарим нь энергийн түвшингөө шалгуулахаар ч юм уу, ирээдүйд болох зүйлийнхээ тухай асуух ч юм уу, эсхүл эрүүл мэндийн асуудлаараа ч юм уу ирдэг. Зарим тохиолдолд одоо цагийн зовлонтой хүмүүс ирдэг. Тэдэнд хэрэгтэй шаардлагатай зан үйлийг хийж, хэлж засаж залруулж өгөөд гаргадаг.

Тухайлбал?

-Таван мах бодийн зан үйл хийдэг. Гал, шороо, ус, огторгуй, агаар зэргийн таван мах бодийн засал, энергийн заслыг нэн түрүүнд хийдэг. Хүн ам бөөгнөрсөн, хотжиж сууриншсан нийгэмд хүн байгалиасаа энергиэ тэр бүр авч чадахгүй, улмаар үүнээсээ болж ажил үйлс, гэр бүл, үр хүүхэд, бодсон санасан бүхэнд нь сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг. Тиймээс тэдний таван мах бодийн энергийг нөхөх, засаж залруулдаг гэсэн үг. Шаардлагатай бол байгальд гарч заслыг хийдэг. Олон хүнийг энергийг нөхөхөөр би өөрөө энергийн алдагдалд орох тохиолдол байна. Тийм үедээ ойрхон хөдөө байгальд гарч, эх дэлхий, газар ус, агаар огторгуй, дээд хүчнээсээ эрчим энергиэ нөхөж авдаг.

Чадалтай үзмэрч, лам, бөө нарыг сонсож байхад өөрсдөө зовж зүдэрч яваад энэ зам мөрд орсон байдаг. Зөн билэгтэн таны хувьд тиймэрхүү зүйл тохиолдож байв уу?

-Байлгүй яахав. Сүнслэг хэмжээнд тийм сүүдэрт орсон тохиолдлууд бий. Сэтгэлзүйн маш хүнд асуудал, гүн дарамтад орж, тэндээсээ сүнсний сэргэлт үүсэн билгийн мэлмий нээгдэх зам мөртэй анхлан учирсан гэхэд болно. Энэ талаар нарийн хэлэх боломжгүй.

Сүнс гэж юу вэ?

-Амьтай амьтан бүрийн бие мах бодь дотор оршиж буй эрчим хүчийг сүнс гэдэг. Амьгүй биед ч хүртэл тодорхой сүнслэг эрчим байдаг. Сүнс бол бие мах бодиос тусдаа зүйл. Энергийн тал руугаа илүү давамгайлсан зүйл. Үүнийг шинжлэх ухаан ч нотолсон.

Сүнстэй байнга харилцдаг хүний хувьд асуумаар байна. Билгийн мэлмий нээгдээд хэдэн жилийн нүүр үзэж буй таны амьдралд гарсан өөрчлөлтийг сонирхож болох уу. Эерэг ч юм уу, сөрөг ч юм уу…

-Сөрөг гэвэл түрүүн би дурдсан, сэтгэлийн гүн дарамт гээд л…Энгийн хүмүүсийн мэдэрч, сонсож, харж чадахгүй байгаа зүйлийг гэнэт мэдэрдэг болчихоор хэцүү санагддаг үе бий. Тухайлбал, олон нийтийн газар тэр бүр явж чаддаггүй. Сөрөг эрчмийг өөрийн биеэрээ мэдрээд инфакт өгч, гутралд ордог. Анхандаа инфактаасаа гарч чадахгүй хэцүү санагддаг байсан. Яваандаа өөрийгөө контролдорж /удирдаж, сур/ сурдаг юм байна. Энэ нь түвшин ахиж буйн нэг хэлбэр юм уу даа. Билгийн мэлмий нээгдэхээр өөрийн сүнс ч давхар хөгждөг юм байна.

-Билгийн мэлмий нээгдэнэ гэхээр хүний зургаа дахь мэдрэхүй ажилладаг болсон гэсэн үг үү?


-Тийм. Хүмүүс энергийн долоон хүрд гэж ярьдаг даа. Тус хүрд нь хөмсөгний голд байрлах билгийн мэлмийний энергийн хүрд нээгдсэн гэсэн үг. Уг мэлмий нээлттэй хүмүүс олон. Гол нь түүнийгээ хөгжүүлээд зөн билэгтэн болох түвшин нь өөр юм.

Тэгэхээр өөрт чинь хамгаалагч гэж байх уу?

-Тэр нь Дээд хүч. Ерөнхийдөө бөө нарын хэлдгээр Дээд тэнгэр, христийн хэлдэгээр Ертөнцийн эзэн, Бурхан. Эцсийн бүлэгт энэ бүгд бүгдээрээ нэг зүйл буюу Дээд хүч юм. Тухайн улс орны зан заншил, өв соёлоос хамаарч өөр өөрөөр нэрлэгдэж, хэлэгдээд байгаа юм.

-Та зан үйлдээ Шүгдэн бурхан, Вуду хүүхэлдэйг ашигладаг юм байна. Энэ хоёр хоорондоо тэрсэлдэхгүй юу?

-Шүгдэн бурхан бол гал мах бодийн сахиус учир тахилын ширээн дээрээ тахидаг. Зан үйлд ашиглана гэсэн юм байхгүй. Учир нь энэ бол сахиус учраас.
Далай лам нэг хэсэг Шүгдэнг улс төрийн шалтгаанаас болж үгүйсгэсэн тохиолдол байдаг. Гал мах бодийг илэрхийлж тахил дээрээ залдаг нь зан үйлд ашигладаг гэсэн үг биш. Гэхдээ миний зан үйлүүд ямар нэгэн шашны урсгалд хамаарахгүй гэдгийг онцолмоор байна. Таван мах бодь дээр тулгуурласан хар дом, цагаан шидийн зан үйлүүд л хийдэг. Харин вуду хүүхэлдэй нь өөрөө цагаан, хар төрлийн зан үйлд ашиглагддаг. Хүүхэлдэйг зөвхөн муу юманд ашиглана гэдэг нь өрөөсгөл ойлголт. Сайн эерэг үр дүнгийн төлөө ашигладаг.

Өөрийн чинь удам угсаанд зөн билгийн чадвартай хүн байсан уу?

-Байгаа. Манай эцгийн талд хувилгаан хүн байсан. Миний аавын өвөө нь шарын шашинд томоохон хувилгаан явсан хүн бий.

Гэрийнхэн чинь зөн билгийн чадварыг тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Гэрийнхэн маань миний зөн билгийг хүлээн зөвшөөрдөг. Бас сайн дэмждэг. Миний хэлсэн ярьсан бүхэн амьдрал дээр биелээд байхаар хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан байх /инээв.сур/.

Надад өөрийн чинь шивээс маш содон, сонирхолтой санагдаж байна?

-Миний хамгаалалт болдог гэж ойлгож болно. Бусад зөн билэгтнүүдээс мэлмийн хүрд рүү дайралт ирдэг.Тэр дайралт болох хараал, чатга, сөрөг эрчим бүхнээс намайг хамгаалдаг гэхэд болно. Жишээлбэл, Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг та үзсэн л байх. Тэнд оролцогчдын зарим нь араас нь даалгавар биелүүлэхээр ороод мэдээлэл авч чадахгүй болчхож байгаа биз дээ. Тэр нь мэлмий рүү нь дайралт хийгээд, хаалт тавьсан гэсэн үг байхгүй юу. Тэрнээс хамгаалж мэлмийний хамгаалалт хийлгэсэн, ШИДЭТ ТЭМДЭГ минь гэж ойлгож болно. Хар домын шидийн зан үйлийн чанартай тэмдэг.

-Хар дом гэхээр хараал чатга хийдэг гэж ойлгодог. Зөв үү?

-Зан үйлийн чанартай гарт баригдах зүйлийг ашиглан хийж байгаа засал номыг хар дом гэдэг. Хар дом нь муу үйл хийдэг гэж бодох нь буруу ойлголт шүү. Хэрвээ хүн хараал хийж байгаа бол, хийлгэж байгаа бол үр хүүхдэдээ дааж давшгүй муу үйлийн үрийг цуглуулж өгч байна гэсэн үг. Үхлийн дараа цагаан, улаан гэрлийн шүүлтүүрээр тэд бүгд шүүгдэнэ.

Сөрөг энерги нь биежиж албин тийрэн болсон хүмүүс хэр ирж байна вэ. Тэднийг яаж мэдэрдэг вэ?

-Янз бүрийн албин тийрэн наалдсан хүмүүс ирнэ. Ерөнхийдөө надад шууд мэдрэгддэг. Дээд хүчтэй холбогдож байж тэдний талаарх мэдээллийг бүрэн дүүрэн авдаг. Мөн тухайн хүний гаргаж буй зан авир шинж тэмдэгтүүдийг давхар хардаг. Гэхдээ зөн билэг гэдэг зүйлд ямар ч логик ухаан орохгүй. Зөн билэгтний 90 хувь нь дотоод мэдрэмж, дээд хүчнээс өгч буй мэдээлэл бий. Уг мэдээллүүд дэлхийн мэдээллийн санд хадгалагдаж байдаг. Тухайн мэдээллийн сангаас мэдээлэл авдаг гэсэн үг. Түүнийг Акашын товчоо гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр, энэ замбуулин тив дэлхий дээр өнгөрсөнд болсон үйлдэл, шалтгаант тохиолдлуудыг хадгалж байдаг. Яг л интернетийн хийсвэр мэдээллийн сан шиг зүйл байдаг гэсэн үг. Түүнд ухамсрын түвшинд нэвтэрч чадаж байгаа хүн бол Дээд хүчтэй холбогдсон жинхэнэ зөн билэгтэн гэсэн үг.

Албин тийрэн гэж ямар дуу хоолой, дүрс хэлбэртэй юм байдаг вэ. Юунаас болж үүсдэг вэ?

 

-Хий биет. Дээд хүчний тааллаар явж чадаагүй буюу гэнэтийн осол, амиа хорлолт зэргээр нас барсан хүмүүсийн сүнс завсрын ертөнцөд гацдаг. Дэлхийн цөм нь өөрөө там. Тэр дунд байдаг гацсан сүнснүүд нь завсрын ертөнцийн сүнснүүд болдог. Тэдгээр сүнснүүд бидний ертөнц дээр цуг оршихын зэрэгцээ буг чөтгөр, албин, тийрэн болсон байдаг. Өөрийн хүслээ хангахын тулд хүний биед орж хүсэл шуналаа хангаж, энергийг нь сордог. Ахиж төрөхийг хүсдэггүй сүнснүүд ч бий. Шөнө дунд 03:00 цагаас завсрын ертөнц нээгддэг гэж үздэг.

Сүүлийн үед зарим бөө онгод тэнгэрээ биш албин биедээ оруулчихдаг гэдэг. Энэ үнэний хувьтай гэсэн үг үү?

-Мэдлэг дутмаг болон хэт хувийн эрх ашгийн төлөө буруу хүн дээр очиж, буруу зүйл өөртөө наалгуулах тохиолдлууд олон. Ер нь Монголын бөө нар жинхэнэ онгод тэнгэрээ оруулсан нь ховор. Олонх нь завсрын ертөнцийн сүнснүүдийг биедээ оруулчихдаг.

Хүн ер нь хаанаас ирдэг юм бэ?

-Хүн гэхээсээ илүү сүнс хаанаас ирдэгт хариулт өгмөөр байна. Үйлийн үрийн шалтгаант тохиолдлоор сүнс дахин төрдөг. Хүн үхсэнийхээ дараа шүүлтээр ордог. Шүүлт байгаа учраас Акашийн товчоо гэдэг зүйл байдаг. Акашийн товчоо байж тэр шүүлт явагддаг. Тэгэхээр улаан гэрлийн шүүлт, цагаан гэрлийн шүүлт гэж хоёр зүйл бий. Цагаан өнгөтэй шүүлтэд таны буяны сав, сайхан сэтгэл зэрэг цагаан өнгөтэй зүйлсийг шүүдэг бол улаан өнгөтэйд нөгөө талаас нь шүүдэг гэсэн үг. Уг шүүлтээр шүүгдэж, үйлийн үр дахин цэвэрлэгдэх үү үгүй юу гэдгийг орчлон ертөнц өөрөө түүнийг тодорхойлдог. Түүнээс хамаарч дахин төрүүлэх үү, төрөл доошлуулах уу, дээшлүүлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Зөвхөн дэлхий ч биш давхар өөр гариг ертөнц, одны систем бий. Тэд ч бас хамааралтай. Хүн хаанаас ирдэг вэ гэдэгт хариулт өгөх боломжгүй. Сүнс болгон өөрийн өгөгдөлтэй, өөрийн зам мөртэй энэ орчлон ертөнцөд ирсэн. Библи дээр гардаг диваажин, буддын шашин дээр гардаг Шамбалын орон нь ухамсрын түвшин дээшилсэн сүнснүүдийн очиж буй газар гэж ойлгож болно.

Хувь тавилан гэж юу юм бэ. Үүнд бас Дээд хүч хамааралтай юу?

-Хүний хувь тавилангийн 70 хувь өөрөөс нь, үлдсэн 30 хувь нь сүнсний өгөгдөл, үйлийн үрээс шалтгаалдаг. Хүнд заавал дайрах ёстой огтлолцлууд байдаг. Жишээлбэл, танд заавал уулзах ёстой хүн, очих ёстой газар ч гэх юм уу, сүнсний холбоос байдаг. Гэхдээ энэ зам нь 30-хан хувь байдаг. Бусад 70 хувь өөрөөс тань хамаарна. Эндээс юу харж болох вэ гэхээр, сүнсний хөгжил чухал гэдгийг харж болно. Энэ хорвоод хүн төрсөн бүх хүн дотоод ухамсар буюу сүнсээ хөгжүүлэх гэж ирж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Таны энэ удаагийн амьдрал дараагийн төрөлд нөлөөлнө гэсэн үг юм даа.

Таны ярианаас дүгнэхэд аливаа шашныг огт үгүйсгэдэггүй санагдлаа...

-Тиймээ. Аль ч шашныг үгүйсгэдэггүй. Учир нь бүгд л нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа. Исүс Христ, Будда гээд яваад байгаа хүмүүс нь өөрсдөө сонгогдсон, өөр одны системээс ирсэн, дэлхий дээр ирэх шаардлагатай сүнснүүд байхгүй юу. Тэдний билгийн мэлмий нээгдсэн, өөрсдийн үүрэгтэй даалгавартай учраас бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Тэднийг буруутгах шаардлагагүй.

Зөн билэгтэй хүнтэй уулзсных монголын нийгэм улс төрийн байдлын талаар асуумаар байна?

-Та анзаарсан байх. Би https://www.facebook.com/illumination777/ хаягаар зөгнөлүүд бичиж оруулж байгаа. Зөгнөлүүд маань өөрсдөө шүлэглэсэн хэлбэрээр цаанаасаа орж ирдэг. Энэ бүх зөгнөлүүд далд утгаар бичигдсэн байгаа. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн байдлын талаарх зөгнөлүүд маань энэ хуудаст бичигдэнэ. Зөвхөн монгол гэхгүй дэлхийд болох томоохон үйл явдлыг зөгнөж, энэ хуудастаа өгүүлнэ.

Таны хувьд хэр эготой хүн бэ?

-Эго бол бий. Ийм нийгэмд эго миний бамбай болж өгдөг. Ер нь огт эгогүй хүн гэж үгүй. Их гэгээрсэн гээд байгаа багш нар чинь хүртэл эготой байдаг. Би бясалгалын багш, гэгээрсэн гэдэг хүмүүстэй ойр байж үзсэн. Уг нь эго бага байх тусам сүнсний хөгжил сайн явагддаг. Зарим тохиолдол эго хэрэг болдог.

Ковидын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Короновирусын халдвар хэзээ зогсох бол?

-Короновирус удахгүй замхарна. Энэ талаар зөгнөлийг миний пэйж хуудаснаас орж уншаарай. Би зөгнөлөө бичээд оруулсан байгаа. Яг хэзээ вэ гэдэг өдөр, цаг хугацааг хэлэх боломжгүй. Мэдэж байсан ч хэлэхгүй. Яагаад гэвэл, ковид өөрөө үйлийн үрийн процесс. Хүн төрөлхтөнд ухаарал сэхэл өгч буй зүйл гэж ойлгож болно. Энэ халдварт өвчин бол Дээд хүчтэй холбоотой зүйл гэж ойлгож болно.

Тань руу гадаад хүмүүс холбогдож энергиэ үзүүлж, зөвлөгөө авдаг гэсэн үнэн үү?

-Гадаад хүмүүстэй ихэвчлэн зайнаас харилцдаг. Нэлээд олон гадны хүмүүс бий. Тэдэнд онлайнаар энергийн болон хар домын зөвлөгөө мэдээлэл өгдөг. Бараг л коучаар нь ажилладаг гэх үү дээ /инээв.сур/. Багаасаа Германд амьдарч байсан учраас Англи, Герман хэлний мэдлэг маань нэлээд тус болж байна.

Тэгвэл монголын улс төр, олны танил хүмүүс өөртэй чинь холбогддог уу. Нууц биш бол?

-Ирдэг. Гэхдээ энэ талаар ярьж болохгүй. Хүн л бол хүн шүү дээ. Хүмүүс ихэвчлэн пэйжээр холбогдож мэдээлэл зөвлөгөө авч байна. Одоогоор би биечлэсэн уулзалт авахгүй байгаа.

Шинээр байр байшинд орж буй хүмүүст хамгийн түрүүнд юуг зөвлөдөг вэ?

-Гэрийн энергийн урсгалыг цэвэрлэх ёстой. Мөн гал голомтыг ариун байлгаж, тахих хэрэгтэй. Гал мах бодийн домыг заавал хийх хэрэгтэй. Гал мах бодь нь тухайн айлын хүсэл тэмүүлэл, ирээдүйд ирэх аз жаргалыг бий болгох хамгаалалт юм. Энэ талаарх нарийн заавар зөвлөмжийг хүмүүст өгдөг.

-Ярилцсанд баярлалаа.